Баатар Тэгшээгийн ХҮРЭН ХАЛЗАН морины түүх…

2021-08-25 904 0
Архангай аймгаас цэргийн агтанд ирсэн морьдоос нэгэн эмнэгээрээ шахуу хүрэн халзан үрээг Дамжигийн сумангийн байлдагч Тэгшээ зүгшрүүлэн сургаснаар улмаар цэргийн эрдэмд сургаж эзнийхээ дохиогоор газар унаж сэлэмтэй талруу налж өгч цавчилт хийлгэх мөн хурдан хурцаараа ялгарж, бусад морь шиг буун тажигнасан чимээ бөмбөгдөлдын сүрнээс халгихгүй зоригтойгоороо сөрөн давхихаараа үнэнхүү ялгарж олон удаагийн хилийн зөрчил тулгаралтанд онцгой гавъяа байгуулж байснаас хамгийн сүүлд цэргийн эрдэмд сургаж өгсөн эзэн Тэгшээ Нэхийт нартайгаа орсон сүүлийн тулалдааны тухай түүхэн баримт сөхөе.
1948 оны 7 сарын 8-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байтал дайсан этгээдүүд Бүдүүнхаргайтын эхээр хил нэвтрэн орж иржээ.
Бартаа саад ихтэй энэ газарт дайсны хэд дахин илүү хүчтэй амь өрсөн тулалдсан дайчдын баатарлаг үйлсын түүх бишэрмээр.
Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа “Эцсээ хүртэл тулалдана. Амьд баригдахгүй” хэмээн тушаагаад, Чойжин, Баян, Гончигзэвгэ нарыг урд талын өндөрлөгт, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарыг хойт өндөрлөгт гарч байлдахаар хувиарлаад, өөрөө Дандархайдавтай хамт дундах онин дээр үлдэж, Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулжээ. Хилчин Архад нөхдийнхөө морьдийг хамгаалж бөхлөөд тулалдаанд оров. Хүчээр хэдэн арав дахин илүү дайсан миномёт, пулёмотоор буудаж, морьтой ба явганаар хилчдийн эсрэг давшиж байсан ба зогсоо зайгүй буудах дайсны бууны суманд манай хилчдийн зарим нь өртөж, хүнд шархадсан Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна. Үзэгдэц муутай газар хориглон байрласны улмаас хилчид тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсан нь тодорхой хэмээн хожим тэмдэглэсэн байдаг. Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр дайсанд бүслэгдсэн Гиваан, Тэгшээ, Даваадорж нарын эргэн тойрон 15 шоо метр орчим талбайд 15 удаа мини (гар бөмбөг) тэсэрч, хүн бүр 2-3 шарх авч, хад чулуу цусаар будагдсан байжээ. Тэгшээгийн баруун хөл гар бөмбөгийн дэлбэрэлтэнд тасарч, зөвхөн борвиныхоо том шөрмөсөнд тулж тогтсон төдийгүй, шилбэний хугархай яс нь газар зурж удаан чирэгдсээр мөлийж, ясных нь хөндий рүү шороо чулуу чихэгдсэн байсныг сонсохоос зүрх зүсэгдэм. Тэрээр гурван баатар баруун хойш харж зэрэгцэн хэвтээд эцсийн гранатыг өөрсдөдөө зориулсан байсан гэдэг.
Хаянхярваа, Чойжин, Гончигзэвгэ нар бүслэлтээс буудалцан гарсан ба нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй. Элгэн доороо гранат тэслэн, дайснуудтай хамт амь эрсдсэн гурван баатрын нэгнийх нь цогцос цээж, бөгсөөрөө салж, 6 метр хэртэй шидэгдсэн, нөгөө хоёрынх нь тархи толгой танигдаж мэдэгдэхийн аргагүй гүзээтэй ус шиг булхалзсан юм болсон байжээ. Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нууж, пулёмотоо хад савж эвдсэн байдаг.
Дайсны өнгөлзлөгөөс эх орноо баатарлагаар хамгаалан, амь үргэдсэн Ховд аймгийн Чандмань сумын харъяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харъяат Лхүнрэвийн Даваадорж нарт БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 1 сарын 28-ны 6-р тогтоолоор, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Бэгзийн Гиваанд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 10 сарын 13-ны 200 дугаар зарлигаар тус тус улсын баатар цол, мөн 1949 оны УБХТ-ийн 6-р тогтоолоор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Найдангийн Дандархайдав, Сонгино сумын харъяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Түвшингийн Баян нарт “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-г нэхэн олгожээ.
Пэлжээ хүрэн халзан морьтой доорхи зурган дээрх бартаа саад ихтэй “Уушгын” уулсын дундуур 30 км газар зогсолтгүй давхисаар суманд мэдээ хүргэснээр даасан этгээдүүдыг дахин цөмрүүлэлгүй устгасан билээ.
1940-оод оны сүүл тавиад оны эхээр хилийн зөрчил Ховд аймгийн Булган сумын Байтаг богд орчимд их бага хэмжээгээр олон удаа болсоны нэгэн тулгаралт энэ, хүрэн халзан морь олон тулаанд гарамгай амжилт үзүүлж сүүлд энх цаг ирж Монгол улсын хил халдашгүй дархан болсоны дараа хөгшрөөд 20 хол гаран насандаа төрсөн нутаг Архангай аймагтай гүйж хүрсэнээс хархад ямархуу чансаатай адуу байсан нь ойлгогддог. Одоо Архангай аймгийн төвийн орон нутгийн музейд домогт хүрэн халзан морины чихмэл бий.
Эх сурвалж: burenkhairkhan blog
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Халимаг эрдэмтэнд “…Welcome to Mongolia” гэчихсэн бол…?!

Хэд хоног “дундын бүс”-т аж төрсөн халимаг эр олон нийтийг шуугиулаад авлаа. Түүнийг Боромангнаев Ба

2023-03-02

Баатар Тэгшээгийн ХҮРЭН ХАЛЗАН морины түүх…

Архангай аймгаас цэргийн агтанд ирсэн морьдоос нэгэн эмнэгээрээ шахуу хүрэн халзан үрээг Дамжигийн с

2021-08-25

БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-д 70 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтүүдээс

БНХАУ-ын Төвөдийн ӨЗО тайван замаар чөлөөлөгдсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Төвөдийг 1951

2021-08-25