ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа

2026-10-26 6 0

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхэд нэр дэвшигчийг танилцуулах тухай байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхэд нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулсан.

1.jpg

Улсын дээд шүүхэд нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуулийг хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2023 оноос ажиллаж байна.

Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал нар асуулт асуусан. Гишүүд, улс төрөөс хараат бус байх талаар байр сууриа тодорхой илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийхдээ удаашруулдаг, хүндрэл учруулдаг талаар судалгаа хийсэн эсэх, Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргасан уу гэдэг явцуу хүрээнд шийдвэрлэж байна гэсэн өмгөөлөгчдийн шүүмжлэлийг анхаарах, цаашид засаж өөрчлөх шаардлагатай юу байгааг тодруулсан. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллана гэдэг нь албан тушаал гэхээсээ илүү Үндсэн хуулиар бий болсон засаглалын салаа мөчир шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тиймээс хуулийг дээдэлж, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэй ажиллах ёстойг сануулав. Нэр дэвшигч З.Ганзориг, хууль дээдлэх ёс, хараат бус байдал, шударга хичээнгүй байдал зэрэг зарчмуудыг чанд сахиж ажиллахаа илэрхийлсэн.

 

2.jpg6.jpg10.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, мэдлэгийн хувьд ч тэр, итгэл үнэмшлийн хувьд ч тэр мэргэжилдээ үнэнч байгаарай. Мэргэжилдээ үнэнч биш байснаас шүүгчид улстөрчдийн тоглоом болох, олон нийтийн санаа бодол дотор дарцаглаж гүйх даавууны хэлтэрхий болдог. Шүүх бол хүний эрхийн, иргэний эрхийн цайз байх ёстой гэв.

Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байв.

11.jpg

Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа, цахим гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр холбогдох албадыг бэхжүүлэх, орон тоо, урсгал зардлыг тооцон төсөвт тусгалаа. Мөн Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхийн байгууллагад орон тоо, цалин хөлсний зардлыг төсвийн төсөлд нэмж тусгасан гэв.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хууль сахиулах байгууллагын орон тоо, ажлын ачаалал, иргэдийн аюулгүй байдал, шүүхийн үйл ажиллагааны нөхцөл, төсвийн үр дүнг хүний эрхэд суурилсан шалгуураар үнэлэх асуудлыг хөндөж, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалаа. Хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороодод хүргүүлэхээр болов.

9.jpg15.jpg18.jpg

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр сонгон шалгаруулалтын шаардлага, үнэлгээ, нэр дэвшүүлэх ажиллагааг холбогдох хуульд нийцүүлж, хуулийн үндэслэлгүй нэмэлт болзол, давхардсан зохицуулалтыг арилгах, ажлын хэсгийн сонгон шалгаруулалт болон Байнгын хорооны нэр дэвшигчийн сонсголын уялдааг тодорхой болгохоор зохицуулав.

Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл сунгаж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Зохиогчийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ДОЛООН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дол

2026-10-26

ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхэд нэр дэвшигчийг танилцуулах

2026-10-26

ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ ТОГТООХ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

🌾 Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацог

2026-10-26