Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

2026-10-23 38 0

Г.Занданшатар улс төрийн хөлөг дээр шатар нүүсээр байна. Ердөө долоон сарын өмнө “Би албан тушаалтай зууралдахгүй. Хулгайтай эвлэрэхгүй. Ухрах тохирох ямар ч бодол алга” гэж цахим хуудсандаа биччихээд маргааш нь Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Удирдах зөвлөлд өгч “ноосоо тушаасан” тэрбээр хоёр хоногийн өмнө АТГ-ын гадаа мэдээлэл хийлгэж гомдол гардуулуулахаар өмгөөлөгчөө илгээсэн байв.

“Гүтгэсэн гэх хэргийг яахаараа АТГ-ын гадаа хийдэг юм бэ, энэ ямар улстөрчдийн тайз уу” гэж хэн хүнгүй, бичээч би хүртэл эсэргүүцэж донгодов. Харин үүний учрыг тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ. Асууя гэж бодож явсан юм, гэвч Г.Занданшатарыг хаанаас олж уулзах билээ дээ, ямар түүнтэй уулзах гэж шатар тоглож суралтай биш…

Намын байрныхаа шатаар ихэмсгээр буугаад л ирэхэд нь хэдхэн телевизийн сэтгүүлч тосож байна гэнэ шүү. Инээдтэй байсан л даа. Тэгээд тэр уйтгартай, урт яриа хөврүүлэхэд нь асуулт тавьж яриаг нь огт таслахгүй байгаа юм. “Эзэн хаан өгүүлрүүн…” гэсэн аятай, тасалж болохгүй бололтой. Бүр ч тавилттай санагдав. За тэр яахав, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төрийн айлчлалд явахыг хүлээсэн мэт нисэнгүүт нь эхэлсэн энэ “дайралцаан” тэртэй тэргүй цаанаа учиртай л байж таарна. “Эзгүйчилсэн” үү, эсвэл “Эзгүйчлээрэй” гэж захиад явсан уу, бүү мэд.

Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар АТГ-ыг “Уйдсан хүн очдог газар” гэчихэв үү

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хувьд Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа түүнийг “уйдсандаа” гэх маягтай үл тоомсорлон хариулсан. Энэ бичлэгийг харсан хүмүүс дургүйцэл илэрхийлж бичсэн харагдсан. Дараа нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа бас сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ерөнхийлөгчийн сонгууль ойртоод уйдсан юм байлгүй дээ” гээд л болоо. Юу гэсэн үг юм бэ? Хуультай улс орны Хууль тогтоох байгууллагыг даргалж байгаад Үндсэн хууль зөрчсөн нөхөд шүү дээ? Д.Амарбаясгалан саяхан л МАН-ыг удирдаж байхдаа ноцтой сэдвүүд сөхөөд АТГ руу хаяглаж шидээд, тэднийхээр түрээ барьж, “дайснуудаа” замаасаа зайлуулж байсныг олон түмэн харсан шүү дээ. Одоо УИХ-ын гишүүн болчихоор нь АТГ түүний хувьд “Уйдсан хүмүүсийн очдог газар” болчихдог юм уу? Арай л завхарч, зарчмаа огоороод байгаа юм биш үү? Та нар ийм учраас “авлигын индекс” гэгч юм унадаг болохоос АТГ хэрэг дутуу шалгаад, эсвэл илрүүлж чадахгүй болохоор буураад байдаг юм биш шүү дээ, “жүжигчид” ээ?!

Г.Занданшатар айхавтар сайн Ерөнхий сайд байгаагүй ээ. Баахан гоё юм ярьж байгаад, “үлгэрээ дуусгалгүй” шударга ёс яриад ажлаа өгчихсөн! Түүнийг өмөөрөхгүй. Гэхдээ энэ нь түүнийг дуугүй гүтгүүлэх ёстой гэсэн үг биш!

Ингэхэд Г.Занданшатар яагаад УИХ-ын нэр бүхий гишүүдэд гомдов?

Айхавтар ноцтой үгсийг гомдолдоо дайсан бололтой. “Улс төрийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өргөсөн тангарагаасаа няцаж”, “Төрийн ордны индрээс Үндсэн хуульт байгууллагуудын үйл ажиллагааг үгүйсгэн” АТГ, хууль сахиулах байгууллагуудын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үгүйсгэн”, “иргэн Г.Занданшатарын заавраар нэр бүхий гишүүдэд хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа мэтээр зохион байгуулалттай улс төржсөн ажиллагаа явуулж худал мэдээ тарааж улстөржүүлэх” зэрэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байна гэж ярьж байна лээ.

Ийм зүйл ярьчихсан л даа, олон нийтийн нүдэн дээр. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан “… Өнгөрсөн жилийн тухайд одоо эргүүлээд сануулахад Занданшатар гэдэг хүний Засгийн газрыг огцруулахаар албан бланкаа ашиглуулсан Сайнзориг дээр хэрэг үүссэн, зохион байгуулалттайгаар ийм үйл ажиллагаа явагдсан, Занданшатарыг Ерөнхий сайд болонгуут залуу 30 гишүүний гарын үсэгтэйгээр зарчим бариач ээ гэсэн шаардлага бичиж орсон Болормаа дээр аль хөөн хэлэлцэх хугацаа дууссан сонгуулийн хууль, зөрчлийн хуулиар зохицуулагддаг зүйлийг Эрүүгийн хуулиар шийтгэхээр, эрүүгийн ял үүсгэсэн байх жишээтэй … Занданшатарыг Ерөнхий сайдаас нь огцруулахаар чуулган удирдсан Булгантуяаг Үндсэн хуулийн цэц дээр аваачаад Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудалд оруулсан байх жишээтэй … Намын даргад өрсөлдөөд ялсан намайг аваачиж эрүүгийн хуулиар ялтан болгох гэж зориод л явж байсан, ийм л үйл явдал процесс ш дээ …” гэж ярьсаныг бид бүгдээрээ харсан.

Тиймээс дээрх асуудлууд нь өөр хоорондоо холбоотой нүүрсний болон бусад гэмт хэрэгт шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай гэмт бүлгийн шинжтэй албан тушаалын хэрэг гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэх, хэн ямар зорилгоор дээрх үйл ажиллагаа явуулж байгааг шалган тогтоож өгнө үү гэж АТГ-т хүсэлт гаргажээ.

Г.Занданшатар өчигдөр Намын цагаан байрандаа “дуудлагаар” ч байж магадгүй хэдэн микрофоны ард үүндээ тайлбар хийв шүү дээ. “Уйдсандаа АТГ-т хандаагүй, сүүлийн зургаан сар тэвчсэн” л гэнэ. “Мафийн босс”, алт, хар тамхи, есөн шидээр хэлүүлсэн ч сүүлдээ гэмт хэргийг зааварласан гэхчлэн гүтгэсэн. Эхлээд Д.Амарбаясгалан “МАН-ын даргад өрсөлдөөд ялсан намайг ялтан болгохыг зорьсон” гэсэн. Дараа нь С.Амарсайхан “ШШГЕГ-ын харьяа Нүүрстэйн орд, Авдрант хайрханы орд байдаг. Үүнийг ШШГЕГ-ын даргатай нийлж хууль бусаар ашигласан гэж хэвлэлийн бага хурал зарлаж байгаад мэдэгдсэн. Энэ хоёр ордыг нь Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувь хүний мэдэлд шилжүүлсэн байсныг нь Төрийн мэдэлд авах гэсэн л юм билээ” гэдэг бол оргүй худал” гэж тайлбарлалаа. Тэгвэл баримт харцгаая.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар улс төрийн хөлөг дээр шатар нүүсээр байна. Ердөө долоон сарын өмнө “Би албан тушаалтай

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ 60.7 хувийн ирцтэй хуралдлаа. Байнгын

2026-10-06