Аймгийн Засаг дарга Н.Энхбат Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төв, суурин газрынхаа 94 хувийг үүрэн холбооны 4G сүлжээнд холбосон. Цаашид Даланзадгад–Улаанбаатар, Даланзадгад–Шивээхүрэн, Даланзадгад–Ганцмод чиглэлийн авто зам дагуу үүрэн холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд салбарын яамны бодлогын дэмжлэг авч, хамтран ажиллах саналыг аймгийн удирдлагын зүгээс илэрхийллээ.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дата төв байгуулсан нь аймгийн цахим шилжилтийг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсныг Ч.Номин сайд онцлон тэмдэглэв. Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү Өмнөговь аймаг төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хамгийн их хүргэн ажиллаж байгааг дурдаж, аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс цөөн хүний бүрэлдэхүүнтэй ч үр дүнтэй ажиллаж буйг сайшаав.


0 cэтгэгдэлтэй