Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав
Хуралдааны эхэнд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийн танилцуулгыг сонсож, шүүхийн хараат бус байдал, шүүгчийн ёс зүй, хариуцлага, хүний эрхийг хамгаалах асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

2027 оны улсын төсвийн төслүүдийг хэлэлцэв
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ үеэр хууль сахиулах байгууллагын орон тоо, ажлын ачаалал, иргэдийн аюулгүй байдал, шүүхийн үйл ажиллагааны нөхцөл, төсвийн үр дүнг хүний эрхэд суурилсан шалгуураар үнэлэх асуудлыг хөндөж, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураав. Хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороодод хүргүүлэхээр боллоо.

Хүний эрхийн байгууллагын гишүүдийг сонгон шалгаруулах журмыг шинэчиллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Ингэснээр сонгон шалгаруулалтын шаардлага, үнэлгээ, нэр дэвшүүлэх ажиллагааг холбогдох хуульд нийцүүлж, хуулийн үндэслэлгүй нэмэлт болзол болон давхардсан зохицуулалтыг арилгах, ажлын хэсгийн сонгон шалгаруулалт, Байнгын хорооны нэр дэвшигчийн сонсголын уялдааг тодорхой болгохоор зохицуулав.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлт хүлээн авах хугацааг 2026 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 17:30 цаг хүртэл сунгаж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Ажлын хэсэг байгууллаа
Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Зохиогчийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав.
Post Views: 6
0 cэтгэгдэлтэй