Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2020.11.04/ Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
Шадар сайд хэлэхдээ “Covid-19-ийн хоёр дахь давалгаа дэлхийд нүүрлэж байна. Монгол Улсын хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Тиймээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Шинэ жилийг гэр бүлээрээ тэмдэглэх нь нээлттэй” гэлээ.
Мөн арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх сурагчдын амралтыг наашлуулж, ирэх сарын 18-наас хоёрдугаар сарын 1-нийг өдрийг хүртэл амраах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээллээ.
МИАТ КОМПАНИЙН ДӨРВӨН ТӨЛӨӨЛӨГЧ ХБНГУ-Д COVID-19-ИЙН ХАЛДВАР АВСАН
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:
-Баян-Өлгий аймагт Covid-19 илрээгүй. Тандалтын шинжилгээ хийхэд халдвар илрээгүй ч нэг хүнд Covid-19-ийн халдварын эсрэг бие илэрсэн. Тухайн иргэн нь зургадугаар сарын 11-нд тусгай үүргийн нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийлгээд гарсан хүн байсан. ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө 61 настай эмэгтэй Covid-19 биш, элэгний хорт хавдрын улмаас нас барсан.
“ОХУ-ЫН ТАЛААС ХИЛ ЗӨРЧИН ИРЖ, ТУСГААРЛАЛТАД БАЙХДАА ОРГООД БАРИГДСАН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮХ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН”
Шадар сайд Я.СОДБААТАР:
-Сэлэнгэ аймгийн тусгаарлалтад байсан иргэн П нь энэ сарын 2-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгаарлалтаас оргосон. Тухайн иргэний хувьд тусгаарлалтад 19 хоносон бөгөөд ОХУ-ын талаас Монголын хил зөрчиж яваад, ОХУ-ын талд баригдаад, Монголд хилийн солилцоогоор хүлээлгэж өгсөн иргэн юм. Иргэн П-г өнөөдөр хүчний байгууллагынхан барьж тусгаарлалтад нь эргэж оруулсан. Түүний шижилгээнүүд бүгд сөрөг гарсан.Үүнээс гадна Засгийн газар цар тахлын үед амаргүй олон шийдвэр гаргаж байна. Covid-19 халдварыг дотооддоо алдаагүй ч байгууллагууд шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй. Эрсдэлийг тооцоолж үзээд, дээрх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин үйлчилгээний салбаруудад энэ шийдвэр мэдээж хүндээр тусах боловч 3.2 сая иргэний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Иргэдийн хувьд гэр бүлийн хүрээнд шинэ жилийн баяраа тэмдэглэх эрх нь нээлттэй.
Гадаадаас иргэд тусгай үүргийн онгоцоор ирж байгаатай холбогдуулан санхүүгийн асуудал их яригдаж байна. Хилийн чанад дахь монголчуудыг дэмжих сангийн 224 сая төгрөгийн төсөв долдугаар сарын 1-д дууссан. Наймдугаар сарын 12-ны өдөр Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу 300 сая төгрөгөөр сангийн төсвийг нэмэгдүүлсэн. Мөн НҮБ-ын дэргэдэх Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай ярьж, тодорхой хэмжээний хөрөнгө босгож, долдугаар сарын 1-нээс хойш нийтдээ санхүүгийн бэрхшээлтэй 500 гаруй иргэнд 2.7 тэрбум төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлээд байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН:
-Сурагчид арванхоёрдугаар 18-наас амраад, хоёрдугаар сарын 1-нд хичээлдээ орно. Цагийн байдал хүндэрвэл цахим теле хичээл оруулна. Бэлтгэл бүрэн хангагдсан. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байна.
0 cэтгэгдэлтэй