Канадын Альбертагийн их сургуулийн доктор, профессор, Рой Чапмен Эндрюсийн нэрэмжит шагналт Филл Карри нь Монголын говьд олон жилийн турш судалгаа хийж, үлэг гүрвэл судлалын салбарт олон чухал нээлт хийсэн, дэлхийд нэр хүндтэй эрдэмтэн юм.
Тэрээр Монголын домогт үлэг гүрвэл болох Тарбозавр Батаар хууль бусаар гадагш гарч, Америкийн үнэ хаялцуулах худалдаанд тавигдах гэж байхад нь энэ нь Монголын говийн Нэмэгтийн хөндийгөөс олдсон үнэт олдвор болохыг батлан шүүхийн байгууллагад нотолж, улмаар эх оронд нь буцаан авчрах шийдвэрийг гаргуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Филл Карри 10 настайгаасаа палеонтологич болохыг мөрөөдөж, Рой Чапмен Эндрюсийн Монголд хийсэн судалгааны тухай “Эртний хүний мөрөөр” номыг уншсан нь түүний ирээдүйн замналыг тодорхойлсон гэдэг. Өнөөдөр тэр зөвхөн Монголын төдийгүй дэлхийд үлэг гүрвэл судлалын тэргүүлэх эрдэмтэн бөгөөд махчин үлэг гүрвэл судлалын чиглэлээр дэлхийд тэргүүнд тооцогддог.

Чухал баримтууд :
1. Канадын Альберта муж нь Монголын Нэмэгтийн формацтай нэгэн цаг үед үүссэн Цэрдийн үеийн тогтоцоороо шинжлэх ухаанд нэн сонирхолтой бүс нутагт тооцогддог.
2. Альбертад Канадын Засгийн газар үлэг гүрвэл судлалын томоохон судалгааны төв, музей байгуулсан бөгөөд тус байгууллага нь эхний жилдээ л хөрөнгө оруулалтаа нөхсөн байдаг.
3. Цаашид Өмнөговийн хүүхдүүдийг тус сургуулийн хөтөлбөрөөр палеонтологийн чиглэлээр сургаж, Нэмэгтийн хөндийд байгуулагдах Үлэг гүрвэлийн үндэсний паркт мэргэжилтэн, доктор судлаачдыг бэлтгэх шаардлагатай.
4. Альберта муж нь уул уурхай давамгай бүс хэдий ч үлэг гүрвэл судлал, аялал жуулчлалаа амжилттай хослуулан хөгжүүлж буй сайн туршлагатай билээ.
Филл Карри болон түүний гэргий Эва Копелуис нар 2023 онд Өмнөговь аймгийн Баянзагт айлчлах үеэрээ аймгийн 90 жилийн ойн медалиар шагнагдсан нь Монгол орны шинжлэх ухаанд зориулсан тэдний сэтгэл, зүтгэлийг үнэлсэн явдал байлаа.


0 cэтгэгдэлтэй