Хилийн 0267 дугаар тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагч, Түрүүч Ц.Амарсанаа:
Цэргийн алба миний анх бодож байснаас илүү сайхан байлаа. Эр хүн бүрийн хаах ёстой алба юм байна. Цэргийн албанд ирсэн эхний өдрөөс бие бялдар, хувь хүний хөгжил талаасаа өөрчлөлт, ухаарлын эхлэл тавигдсан. Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбар нь Хил хамгаалах байгууллагын Төв Агропарк мод үржүүлгийн газар, албаны нохойн сургалтын төв, морин сургалтын газартай. Бүх талаараа хөгжих боломжтой, сурч мэдэх зүйл ихтэй салбар байсан.
Хотын залуус архи пиво тулгаж нөхөрлөдөг бол, бид онжавуудаараа хил дээр мод тарьж нөхөрлөсөн. Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг дээ. Цэрэгт байх хугацаандаа 5000 гаруй мод тарьж, үр хойчдоо эко ногоон ирээдүйг бүтээлээ. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гар бие оролцож, хожим тарьсан модныхоо сүүдэрт нь саатан сууна гэдэг нэг насны минь бахархал. Хилийн цагийн манаанд гарч байхдаа эх орноо эрэлхэг хөвгүүд бид л хамгаалахгүй юм бол, өөр хэн хамгаалах юм бэ? гэдгийг маш сайн ойлгосон. Зүгээр ч нэг дүрэмт хувцас өмсөөд буу үүрээд гүйхийн нэр биш юм байналээ.
Аз жаргалтай, амар тайван эх орноо хамгаалах хилчин дайчдыг, амьдралаа аваад явах төлөвшсөн иргэн, эр хүнийг бэлтгэдэг газар юм байна. Ингээд халагдах өдөр ирэхэд нэг жил алба хаах хугацаа дэндүү чамлалттай санагдлаа. Амьдралын, төлөвшлийн дөнгөж зах руу ороод албандаа дасаад, жигдрэх үед халагдчихлаа. Дээр үеийн бидний өвөө, аав нарын хааж байсан хоёр, гурван жилийн цэргийн алба маш зөв гэж бодогдлоо. Цэрэгт байх хугацаанд эр хүн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарласан байхад ядаж гэр бүл салалт байхгүй болно. Энэ нь өөрөө нийгэмд том хөрөнгө оруулалт болж буй хэрэг. Мөн цэргийн алба нөхөрлөлийн алба юм байна. Цэрэгт ирснээс хойш нөхөрлөл чин үнэн сэтгэл дээр тогтдог гэдгийг мэдэрсэн. Арван жилийн сургуульд сурч байхдаа бид олон найзтай болдог.
Гэхдээ тэр харилцаа нь хичээлийн цаг, хамт тоглох хэсэгхэн хормоор хэмжигддэг. Харин цэрэгт бүтэн жил хамт байж, хамт суралцаж, хамт нөхөрлөж байхдаа бие биеэ илүү ихээр таньж авдаг юм билээ. Нөхрөө гунигтай байна уу, баярласан байна уу? гэдгийг харцнаас нь уншиж чаддаг болдог. Тиймээс би цэргийн нөхөрлөлийг чин “үнэнч сэтгэл” гэж хэлнэ. Мөр зэрэгцэн алба хаасан онжавууддаа, цэргийн эрдэм зааж сургасан дарга нартаа баярлалаа. Хилийн цэрэгт алба хаах давуу тал ихээхэн байлаа. Жолооны үнэмлэхтэй, Мод тарьж сурсныг батлах “Мод үржүүлэгч” мэргэжлийн гэрчилгээтэй халагдах боломжтой. Цэргийн алба бол амьдралын их сургууль юм байна. Та энэ сургуулиас бүхнийг сурах боломжтой.
Post Views: 341
0 cэтгэгдэлтэй