Тэргүүнээс нь эхлээд 31 гэр бүлийг шалгуулъя!

2021-02-23 785 0

Олон хүн зүрхээр явангаа алдсан даа. Монголыг атгадаг гучин гэр бүлийг зарлана гээд л манай энхрий хайрт Ерөнхийлөгчийн тамгын газраас алдарт Зи.Энхболд мэдэгдээд, зарим хүн замын дундаас нэр ус, нэмэлт лицензээ хасуулчих санаатай тамгын газраар тамтаггүй олон эргэлдсэн гэдэг. Аль 2017 оны шоу шүү дээ. Тэгсэн яав? Дөрвөн жил өнгөрөхөд 30 гэр бүл ярьж гарч ирсэн Жэнко Баттулга маань 31 дэх гэр бүл болчихсон тууж явна. Оффшорт компанитай, данстай, Майдар хот, Морин хуур цогцолбор гээд мацаг барьж, марал мичид саравчилсан баахан хандив тусламж, төсвийн татаастай. Дээр нь өргөн, нарийн цариг ярьж өчнөөн жил өөрөө гацаасан төмөр замаа өөрөө тавьж байна гээд хэдэн зуун саяын цавчаа хийчихсэн хэхрээстэй. Сүүлдээ нөгөө оффшорт данстай нөхдүүд чинь төсвийн мөнгөөр бие биенээ шалгуулж байна гээд гаднын үнэтэй хуулийн фирмүүдэд хандаастай. Өглөө ч Сү.Батболдын оффшорын хэрүүл, орой ч Х.Баттулгын оффшорын хэрүүл. Гучин нэг дэх гэр бүл төрөхөд гүн туслалцаа үзүүлж, сайдаар томилж, МоАХ-гоо хүртэл өгч байсан нөхөд бүгд шоронд. Элбэгээ, Эрдэнэ хоёр наранд хэдий ч аль эрт улс төрийн үхдэл болсон. Дуугарвал хужаа, дугтарвал хулгайч гээд цоллоод хэвтчихнэ. Энэ хүнийг Монголын төрд авчирсан Элбэгдорж эл хамсаатан байж болох оффшор, төмөр замын хэргүүдээ тайлбарлавал яасан юм? Нарсанд явсан нөхдүүдээс С.Баяр анх энэ хүнийг Зам тээврийн сайд болгож байлаа. Ямар ашиг сонирхлоор мэргэжилгүй шахам бөхөд мэргэжлийн яам удирдуулсан нь бас л сонин. С.Баярцогтыг яллаад байдаг Оюутолгойн асуудалд ч одоо Баттулгын хүн баадуу чангалж яваа. Сү.Батболдын төрдөө, түмэн олондоо өглөө гэсэн Тавантолгойн нүүрсийг эдүгээ Голомт Баясгалан, Жэнко Баттулга хоёр төмөр зам тавьж байгаа нэрээр ууталж урагшаа зөөгөөд, урд хөршийнхөнтэй гүн бат найзлаад, гүзээ ходоодоо нийлүүлсэн. За тэгээд Монгол ялж байгаа нь энэ үү? Бас л нөгөө бүх бүдүүн даргын үед бүүр л нөлөө нь ихсээд байдаг урд хөршийнхөн Баттулгыг Тавантолгойн нүүрсээр дамжуулан тархидаад авсан нь ямар учиртай юм? Төрийн тэргүүн маань тэргүүн оффшорчин болсон. Улсыг атгадаг угсаатай, урдахаа цөлмөдөг цолтой 31 гэр бүлийг бас ахалж байгаа. Тэргүүнээс нь эхлээд Баттулга, Батболд, Баясгалан, Элбэгээ…бүгдийг нь шалгуулъя аа. Тэгэхгүй бол эд нар чинь нэг хэсэг бие биенийгээ өргөж татаад, өндөр албанд тавиад баахан гүйлдсэн. Дараа нь өвөр хоорондоо өс санаад, нэг нэгнийгээ хорьж баахан тоглосон. Одоо хонгил хоорондын дайнд нь Монгол байтугай хорвоо дайвалзаад, төр байтугай түмэн хагаралдаад хэцүүдлээ. Хулганаа алах гэж бужигнаад байшингаа шатаахын үлгэрээр хонгилоо булаацалдаж байгаад эх орноо нураах нь байна шүү.

Р.Эмүжин

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өндөрлөлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.

2024-09-04

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүд

2024-09-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 он

2024-07-02