Хуулиас, хариуцлагаас зугтсан Ч.Сайханбилэг

2021-02-03 1010 1
Дэлхийд гуравт эрэмбэлэгдэх зэс, алтны том төсөл Оюутолгой Монголынх. Гэтэл төслийн эзэн Монголчууд бид энэ төслөөс хүртэх үр өгөөж улам буурч, 2051 он хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн ногдол ашиг авах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг Засгийн газраас мэдэгдсэн билээ.
Цаашид Монгол Улс Оюутолгойгоос өгөөж хүртэх эсэхийг шийдэхийн тулд үндсэн гэрээ болон Дубайн төлөвлөгөө, бусад гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлага үүссэнийг шинжээчид хэлж байгаа юм. Тухайлбал, 2015 онд байгуулсан Дубайн төлөвлөгөөнд чамгүй асуудал бий гэдгийг эдийн засагчид ч хэлж байна. Гэтэл зургаан жилийн өмнө Дубайд нисэж очин, уг төлөвлөгөөг баталсан Ч.Сайханбилэг өөрийгөө өмгөөлсөн байр сууриа өчигдөр дахин илэрхийллээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа байршуулсан видео бичлэгт “Хууль сахиулах ёстой шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамталж, үгүй бол огноогүй огцрох өргөдлөө өг гэж шаарддаг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө мэдэгдсэн нь үнэхээр сэтгэл өвдмөөр. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж, хэнд хэдэн жилийн ял өгөхийг хэлдэг Ерөнхийлөгчтэй гэдгийг илчилснийг хараад уур хүрмээр байна… Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг ОХУ нөхөж, харин Монгол ялагдлаа.
Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюутолгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Энэ бүхнийг хараад гар хумхин сууж болохгүй. Энэ хэвээр үргэлжилбэл сайнаар бол нэг намын тогтолцоо тогтоно. Саараар бол нэг хүний диктатур тогтооно. Болоод өнгөрсөн үйл явдлын мөн чанарыг ойлгох, дахин гаргуулахгүй байх зорилгоор хууль дээдлэх ёсыг тогтоож, хараат бус шүүх засаглалыг бий болгох зорилгоор олон улсад “Amsterdam and Partners” хуулийн фирмтэй хамтран өөрийн цагаан номоо гаргаж байна” гэхчлэн өгүүлжээ.
Түүний хэлж ярьсанд авах зүйл бий ч түүний өнөөдрийг хүртэлх үйлдэлд гээх зүйл байна. Хамгийн гол нь тэрбээр зургаан жилийн өмнөх Дубайн төлөвлөгөөг гардан баталсан Засгийн тэргүүн хэрнээ хариуцлагаас, хуулиас зугтан, хамтран ажилласан нөхдөө орхиод өөрөө хилийн чинадад бүгчихсэн.
Хааяа нэг энэ мэтээр сошиалаар том дуугарна. Тэр үнэхээр хариуцлага алдаагүй юм бол, Монголын эрх ашгийн талд шийдвэр гаргасан юм бол гаднын үнэтэй хуулийн фирмээсээ зөвлөгөөгөө аваад Монголдоо ирж болох шүү дээ. Гэтэл ирэхгүй, тэндээ бүгж, энд байгаа хэдийгээ өрөвдсөн дүр эсгэж буй нь аль ч талаас харсан таагүй л дүр зураг юм. Засгийн газраас өгч буй мэдээллээр “2020 онд Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг дахин тодотгож шинэчилж, санхүүгийн нарийвчилсан тооцооллыг хийсэн талаар Рио Тинто өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд хөрөнгө оруулагчдад мэдээлэхээс хэд хоногийн өмнө Засгийн газарт тооцооллыг өгсөн.
Санхүүгийн тооцооллыг судалж үзэхэд, гүний уурхайн үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан судалгаагаар Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байна. Мөн ашгийн татварыг 2051 он хүртэлх хугацаанд ердөө дөрвөн жил л төлөхөөр байна” гэж буй юм. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн байгуулсан Дубайн төлөвлөгөө үнэхээр л ашигтай байсан бол өнөөдөр Монгол Улс ийм байдалд орох байсан уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

15 настай охин согтуурч, найз хөвгүүнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

Өнгөрөгч ням гарагт буюу хоёрдугаар сарын 02-нд БГД-т 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгал

2025-02-04

ТАНИЛЦ: Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримт

Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сург

2025-01-14

Энэ сарын 15-18-ны хооронд хүйтний эрч суларна

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус га

2025-01-14