Залуусын эрин зуун хэмээн тодорхойлоод буй 21-р зуунд дэлхий дахин залуу боловсон хүчнээ бэлтгэн, цахим орчин болон даяаршсан дэлхий ертөнцийн тус дэмээр бидний эцэг эх, ах эгч нарт олдоогүй өргөн их боломж бололцоо залуус бидэнд нээлттэй болжээ. Монгол залуусын хувьд Хятад улстай найрсаг харилцаатай байх гадаад бодлогын үзэл баримтлалтай орон. Тиймээс ч боловсролоор дэлхийд тэргүүний эгнээнд орж буй Хятад орон руу суралцахаар зорих монгол оюутан залуусын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 2019 оны Дэлхийн 100 шилдэг их сургуулиудын жагсаалтад Хятадын зургаан их сургууль багтжээ. Монголчуудын хамгийн ихээр суралцдаг Цинхуа Их сургууль гэхэд л дэлхийн топ 15 их сургуулийн нэг юм. Хятад улсад сурч боловсрол эзэмшин, эх орондоо ажиллан амьдарч буй үе тэнгийн найз нөхдөөсөө сурч сонссон Хятад залуусын өдөр тутмын суралцах арга барил болон Хятадын боловсролоос бидний бодууштай, суралцууштай зүйлсийг энэхүү нийтлэлд нэгтгэхийг хичээлээ.
1.Өдөр тутмын шаргуу давтлага
“Эрдэм ном сурахад хичээл зүтгэл нэн чухал. Эс бөгөөс дутуу мэдлэг дундуур хүчтэй” хэмээх Күнзийг сургаал англи, хятад хэлээр хичээлийн өрөөнд нь өлгөөтэй байдаг тухай Бээжинд дунд сургуулиа төгссөн найз маань надад хуучилсан. Хятад хүүхдүүд нэг өдөр маш их сураад дараад нь цалгардуулах бус өдөр бүр шаргуу хичээллэн суралцдаг. Хятадын дунд сургуулийн хичээл өглөө 8 цагт эхэлж үдээс хойш 3-4 цагт дуусдаг нь Монголын ЕБС-тай харьцуулахад харьцангуй олон цагийн хичээлийг хятад хүүхдүүд үздэг гэсэн үг юм. Зарим хятад хүүхдүүд хичээлийн бус цагаар хөгжим, урлаг, спорт, хэлний гэхчлэн олон төрлийн сургалтад явдаг. Хятад хүүхэд залуус бага ангиасаа эхлэн Күнзийн сургаалд суралцдаг бөгөөд хичээл зүтгэлийн тухай “Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” хэмээн алдартай сургаал үг бий. Хятад сурагчид өглөөний цагаар нэгдсэн уншлага хийдэг бөгөөд хятад хэл дээрх ханз, сурах бичгийг анги, хамт олноороо дуу нийлүүлэн чанга дуугаар уншдаг. Ингэснээр унших, сонсох, цээжлэн тогтоох чадвар зэрэг хөгжих давуу талтай. Олон улсад сүүлийн үед хамгийн их хэрэглэгдэх болсон хүүхдэд ээлтэй Монтессори арга барилыг ихээхэн ашигладаг байна.
Хятадад боловсрол эзэмшихэд аль ч сургуульд гурван зүйлийг сайтар дагах хэрэгтэй: Шаргуу хичээл зүтгэл, сахилга бат, хүндэтгэл. Өдөр тутам шаргуу хичээллэж, сахилга баттай суралцаж, найз нөхдөө болон багшаа хүндэтгэх хүмүүжилд хүүхэд, залуус суралцдаг байна.
2.Олон гадаад хэл эзэмших нь даяаршил
Хятадын их дээд сургуульд суралцагч оюутнууд төрөлх хятад хэлнээс гадна англи хэлийг сайтар эзэмшин төгсдөг. Улмаар ихэвчлэн франц, япон, солонгос, герман, польш зэрэг гуравдагч хэлийг эзэмшдэг байна. Хэдий олон хэлийг чамбай сайн сурна, төдий чинээ “хэлтэй бол хөлтэй” гэдэгчлэн хил дамнасан харилцаа холбоо үүсгэж чадна гэж тэд үздэг. Хятадын их дээд сургуулийн 1-р курсын оюутнуудад явуулсан судалгаагаар тэд төгсөх үедээ дор хаяж 2 гадаад хэлийг төрөлх хэл мэт суралцах зорилго тавьсан байдаг аж.
3.Чанартай боловсрол хувь хүний хичээл зүтгэлээс хамаарна
Хятад оронд суралцаж буй оюутан залуус өглөөний 5 цагаас босдог. Улмаар 6 цаг гэхэд л сургуулийн номын санд дугаарлан зогсох залуусын урт цуваа үүсдэг байна. Хятад орон даяар нийт 3000 гаруй олон нийтийн номын сан байдаг бөгөөд орчин үеийн техник технологийн дэвшлийг төгс ашигладаг олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангажээ. Ном сурах бичиг, сургалтын материал болон сургуулийн зүгээс тавих боловсролын чанар хангалттай сайн тул суралцагчдын эзэмших мэдлэг чадвар нь өөрөөс нь бүрэн хамаарна. Хятад хэлэнд бие даан суралцах чадварыг 自学 (zì xué) гэх бөгөөд өөрийн хатуужил, хичээл зүтгэл үр дүнгээ заавал өгнө гэж үздэг ард түмэн юм. Дашрамд дурдахад, Хятадад докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачид маш их бөгөөд 2018 онд л гэхэд 60 мянган суралцагч докторын зэрэг хамгаалсан нь Их Британи, АНУ, Өмнөд Солонгостой харьцуулахад хол давсан үзүүлэлт юм.
4.Эрүүл биед саруул ухаан оршино
Хэрвээ та Хятадад очвол биеийн тамирын дасгал сургуулилтын талбай маш ихийг харах бөгөөд хаа сайгүй хүмүүс Ушу, Күнфү болон бусад төрлийн чийрэгжүүлэлтийн дасгал хийж байх болно. Хятадын дунд сургуульд өдрийн дасгалын цаг байдаг бөгөөд сурагчид цуглан гүйж, дасгал хийдэг. Их сургуулийн хувьд ч чийрэгжүүлэлтийн танхим, усан сэлэлтийн танхим зэрэг заавал байдаг нь “эрүүл биед саруул ухаан” гэх хэлц үгний үнэ цэнийг тодхон харуулна. Мөн хичээлийн дундуур нүдний дасгалыг заавал хийх бөгөөд 1-8 тоот уг дасгалыг хийснээр суралцагчийн нүдний чилээ тайлагдаж, юмсыг ойлгон тогтоох чадвар нэмэгддэг.
Энэхүү нийтлэлээр Хятадын боловсролоос суралцаж болох цөөн зүйлсийг дурдлаа. Монголын нэрт яруу найрагч Д.Урианхай гуай “Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!” хэмээн хэлсэн адил дэлхийн нэгэн ижил ард иргэд бид нэг нэгнийхээ давуу талаас харилцан суралцах нь зүй билээ.
Нийтлэлийг бичсэн: Сэтгүүлч Г.Сүйлэн
0 cэтгэгдэлтэй