Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ирж буй луу жилийн талаар ярилцлаа.
–Энэ жилийн Цагаан сар хэдэнд тохиож байгаа вэ?
-XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болой.
-“Хилэнт эх” хэмээх ёгт нэр ямар утга илэрхийлдэг вэ?
-Энэхүү ёгт нэр нь идээ ундаа бага байх, өлсгөлөн болох, мэсний аюул гарах эрсдэлтэйг илэрхийлж байна.
Жил нь орсон хүмүүс ерөнхий засал номоо хийлгэх хэрэгтэй. Эрэгтэй хүн жилээ угтдаг, эмэгтэй хүн жилээ дагадаг гэж хэлдэг.
Ялангуяа жил нь орж байгаа эрэгтэйчүүд арванхоёрдугаар сарын 22-ноос хойш цагаан сарын шинийн 15-ны дотор заслаа хийлгэх нь зүйтэй. Эмэгтэйчүүд цагаан сар гарсны дараа заслаа хийлгэж болно.
–Шороон үхрийн зурлагаар шинжилбэл ямар төлөв ажиглагдаж байна вэ?
-Үхэр: Эвэр, сүүл, чих нь шар, толгой нь ногоон, бие нь шар, дөрвөн туурай нь ногоон өнгөтэй, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн зураг гарч байна.
Шороон үхрийн биеийн өнгөөр нь тариалан, хур бороог шинждэг бол дөрвөн туурайгаар ургац хэр арвин байхыг ерөнхийд нь шинжиж мэддэг. Эвэр, сүүл, чихээр нь хаврын гурван сар, тухайн улирлыг шинждэг.
Үхэр хариулаач: Нэг гутлаа өмссөн, нөгөө гутлаа баруун сугандаа хавчуулсан, мяндсан шилбүүр бариад яаран гүйж яваа хүүхдийн зураг байна.
Энэ зургаар нь шинжилбэл ногоон дээлтэй, хөх бүстэй, шар гуталтай хүүхэд дүрслэгджээ. Үхэр хариулаач хүүхэд гүйж яваагаас үзвэл нялхаст ээлтэй, настай хүмүүст ширүүн, залууст машид ширүүн байх шинж гарч байгаа.
-Зурхайн ухаанаар гарч буй жилийн ерөнхий байдлыг шинжилдэг байх?
-Улс оронд амгалан тайван, өвс тариа дэлгэрсэн сайн жил ирнэ. Жилийн эхэн хаврын гурван сарын эхээр бага зэрэг салхитай.
Өндөр газар, ай сав, голын эхээр өвс ургамал ихтэй. Малчид, тариаланчдын хувьд өвс ногоо, сүү сааль арвин жил болох шинжтэй. Залуу хөвгүүн яаран гүйж явааг дүрсэлсэн нь залуусын хөдөлмөр дэлгэрсэн жил гарч байгааг илэрхийлж буй.
Энэ жил эрэгтэйчүүд их яаруу байна. Үүний цаад утга нь хөдөлмөр дэлгэрэх болой. Эмэгтэйчүүдийн хувьд маш тайван, ажил үйлс нь бүтэмжтэй байна.
Эрүүл мэндийг ерөнхийд нь шинжвэл хурмал өвчин дэлгэрнэ.
Жилийн онцгойлон үзэх зарим зүйл: 13, 73 , 25, 85, 37, 97, 49, 61, 109-ний жил орж байна.
Жил нь орсон хүмүүс тус тусын заслыг хийлгэвээс гараг эрхсийн нөлөөлөл, жилийн барцад саадаас хол байна.
“Луу могой хоёр орооцолдох” хэмээх тул огторгуйд ургаж буй энэ луу жилд могой жилтэй хүмүүс цагаан жилийн засалтай. Сэтгэл санаа хямрах, бие тавгүйдэх гэм буй тул Их Манал, 1,000 цагаан ногоон дарих, 10 хангал тахиулах тэргүүтэн уншиж засал хийлгэх нь зүйтэй.
Ивээл жил: Бич, Хулгана жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай алс явах, их үйл хийхэд анхаарууштай. Жанцанзэмүүбүнжин, олон гурван гүрэм, Жанаг гагдаг ном уншуулбал зохилтой.
Харш жил: Хонь, үхэр бага харш, нохой жилтэн их харш 7, 19, 31,43, 55, 67, 79, 91, 103 нас харш тохионо. Ажил үйл алинд ч саад тотгор тохиолддог тул анхаарууштай.
Бага харш нь төрсөн жилээс дээш, доош дөрөв тоолж гаргадаг. Догсом, Юмжаврэндүйсүн, Сундуй, Ширнэн, олон гурван гүрэм, Жадамба ном уншуулбал зохилтой.
2 cэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.