Ногоон хувьсгалын гал бадарч бүгдээрээ л ургах дөхсөн нэгэн жилийн ард гарлаа. Үр дүн юу болж байна. Их ярьсан, их төлөвлөсөн, их үүрэг даалгавар амлалт болсон, их бүтээн байгуулалт харин…Ургуулахын эх үндэс нь ҮР. Үрээ идэхээр үнээгээ ид гэсэн Орос ардын үг бий. Аливааг үндэс язгуураас нь эхлэхгүй бол үзүүр оройноос нь эхэлвэл бүтэхгүй. Аривч хямгач байхгүй бол үрэлгэн байж болохгүй. Зөнгөөрөө ургасан модыг зөөж өөр газар шилжүүлж болохгүй.
Нэмэгдхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Хүн төрөхөд эхлээд өлгийг нь засдаг. Түүнээс шууд дээл хувцас эсгэдэггүй. Ийм зүй тогтлууд байна. Тэрбум мод тэнгэрээр нисэн ирэхгүй, газраар галгиулж ирэхгүй. Гараараа ноцолдож, хөлсөөрөө нэмэрлэж байж буй болно. Одоо бүгдээрээ үр цуглуулж, үрслэг бэлтгэж, өлгий засцгаая. Мэдээж нялх юм бүхэнд нөмөр дулаан хэрэгтэй. Тэр нь хүлэмж мэтийн “өлгий” юм. Тийм аваас газар бүхэнд айл бүхэнд үр бойжуулах ажил эхлүүлвэл ямар бол… Бид санаснаар болдоггүй хорвоод, хүсэл ихэдвэл хясал хавчдаг орчлонд амьдарч байгагаа сайн мэдрэх хэрэгтэй. Тийм аваас хоёр тэрбум үртэй болж байж нэг тэрбум модтой болно. Өөрийн үр хүүхдээ өсгөн бойжуулж эрдэм мэдлэгтэй болгохын төлөө та бид яаж хөлсөө дуслуулж, хэтэвчээ хоосолдог билээ. Түүн лугаа адилтган бодууштай. Бид 3300000 / гурван сая гурван зуун мянга/-уулаа. Тарих мод нэг тэрбум л даа. Тэгвэл нэг хүнд ойролцоогоор 303 мод ноогдож байна.
Ямар боловч дэлхийн индэр дээрээс амалсан нэг тэрбум модоо бид цаасан дээр ургуулчихлаа. Түүнийг одоо хөрсөн дээр ургуулах л үлдээд байна. Нам гүмээ эвдэж намрын тарилтын үед нэг хэсэг шаагалдаад чимээгүй болчихвий дээ. Байнга чимээтэй өсөн хөгжих явц дундаа ээдрэхгүй байвал сайн сан. Мал сүргээ жилийн эцэст тоолж өдий дөдий боллоо гээд тайлангаа тавьж, дарга бүхэн төл бойжуулсан юм шиг л амандаа багтаж ядан хөөрцгөөдөг. Үнэндээ бол хөдөөх хэдэн малчин л энэ ажлыг хийдэг. Түүн лугаа модоо жил бүр тоолж байгаарай. Хонь хариулдаг хүнийг хоньчин, адуу хариулдаг бол адуучин гэдэг. Мод тарьдаг хүнийг МОДЧИН гэж нэрлээд ургуулж байгаа өсвөр моддоо хоньчлон хариулж байхгүй бол горьгүй ээ… Бидний амьдралд МОДЧИН гэхээр мод унагаадаг хүнийг хэлээд хэвшчихсэн юм.
Одоо ургуулдаг хүнийг модчин гэж албан ёсоор нэрлэе. Мянгат модчин удахгүй төрж цагаан сараар энгэрээ мялаалгаасай хэмээн баярт бодолдоо өөрөө жаргаж сууна л… Ажил хэрэг болоосой. Нэрт сэхээтэн, эрдэмтэн доктор Дүгэржавын Энэбиш гэдэг цөөн үгтэй цөлх ухаантай нэгэн “Ойжуулагч, цэцэрлэгчдийн лавлах толь”-ийг нь бэлтгээд гаргачихлаа. Гартаа барих оюуны зэвсэгтэй боллоо гэсэн үг. Энэ лавлах монголд л ургуулж болох бүх мод бутны тухай шинжлэх ухааны үндэслэл тарих ургуулах арга технологийг үсэг дарааллаар байршуулсан хагас мянга гаруй нүүр хуудас бүхий том туслах лавлах юм.
0 cэтгэгдэлтэй