Дэлхийн хүн ам энэ оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ мэдээлжээ. НҮБ-ын мэргэжилтнүүд долоодугаар сарын 11-нд тэмдэглэдэг дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан “Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2022” тайлангаа нийтэлжээ. Уг тайланд дурдсанаар, 2023 онд Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно. Одоо эдгээр улсын хүн амын тоо 1.4 тэрбум давсан байна. Тайланд мөн одоогийн байдлаар дэлхийн хүн ам 1950 оноос хойш хамгийн удаан хурдацтайгаар өсөж байгааг онцолжээ. Дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбумд хүрэх бол 2050 онд 9.7 тэрбум болно. Шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн оршин суугчдын тоо 2080-аад онд 10.4 тэрбум болж оргилдоо хүрэх бөгөөд 2100 он хүртэл энэ түвшинд байх аж. XXI зууны дунд үе гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь ердөө найман улсад ногдоно. Эдгээр нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани улсууд юм. Харин Европ, Хойд Америк, Латин Америк, Карибын тэнгис, Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Төв болон Өмнөд Азийн орнуудын хүн ам дээд хязгаартаа хүрч, 2100 он хүртэл буурна. Австрали, Шинэ Зеланд, Далайн орнууд, Хойд Африк, Баруун Азийн хүн ам энэ зууны эцэс хүртэл өсөх боловч удаан хурдацтай байх аж.
0 cэтгэгдэлтэй