СУРВАЛЖИЛГА: Иргэд шилээ тушаагаад мөнгөтэй болж байна

2022-01-23 633 1

АПУ ХК “Шилээ дахин амьдруулъя” төслөө үргэлжлүүлж байна. Төслийн хүрээнд шилний хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах хэрэглээний хэв маягийг бүрдүүлэх зорилгоор иргэдийн ашигласан шилийг эргүүлэн худалдан авч буй юм. Улмаар 11000 гаруй харилцагч дэлгүүр, байгууллагууд, шил цуглуулах агент, СӨХ, усны худгийн түгээлт, тээвэрлэгч компаниуд, худалдааны төлөөлөгчдөөрөө дамжуулан авч байна. Ингэхдээ бүх оролцогч талууддаа өгөөж хүртээх зорилгоор үнийн бодлого баримтлан харилцагчдад чиглэсэн шаталсан урамшуулалтайгаар шилээ эгүүлэн татан авч байгаа аж.

ИРГЭДИЙН ХАЯГДАЛ ШИЛНЭЭС БОСГОСОН МӨНГӨӨРӨӨ СӨХ-ИЙН АЖИЛЧДАА АЯЛУУЛАГЧ-

Энэ тухай сурвалжлахаар бид хамгийн түрүүнд Баянгол дүүргийн аравдугаар хороололд байрлах “Өргөө 14” СӨХ-ийн Гүйцэтгэх захирал Д.Рэнцэнноровыг зорьсон юм. Биднийг очход тэрбээр уриалагхан хүлээн авч уулзаад ажил байдлаа дэлгэрэнгүй танилцуулав.

Тэрбээр, “Манай СӨХ 2019 оноос хог ангилан ялгалтын ажлын хийж эхэлсэн. Нийт 17 орцтой. Бүх орцондоо 3-4 сав байрлуулсан. Ингэж байршуулсан саванд иргэд, айл өрхүүд хогоо ангилаад хийх нь илүү хялбар байдаг. Хогоо ангилан ялгаж хийгээд сурчихсан байгаа. Манайх АПУ компанитай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааныхаа хүрээнд иргэдээс шилийг нь худалдан авдаг. Архины шилийг 250 төгрөгөөр, шар айрагны шилийг 150 төгрөгөөр авдаг. Цуглуулсан шилээрээ сард нэг удаадаа 100-150 мянган төгрөгийн орлого олчихдог шүү” хэмээн ярилаа. Мөн түүнээс бид сонирхсон асуултад хариулт авсан юм.

17 орцноосоо хэрхэн шилнүүдээ цуглуулж, ангилан ялгадаг вэ. Багагүй хөрс хөдөлмөр зарцуулагддаг байх. 

-Манай ажилчид өдөрт хоёр хоёроороо жижүүрлээд орцонд цугларсан шилнүүдийн цуглуулж, ангилан ялгаад тавьдаг. АПУ компаниас уг нь шилнүүд хадгалах авдар өгсөн. Гэхдээ тэр нь их зай эзлээд байсан учир бид шуудайнд эмх цэгцтэйгээр хураадаг. Ингээд АПУ-гийн ачилтын ажилчид ирээд өөрсдөө авдартаа сурамгай гэгч нь хийгээд л дор нь гялалзуулаад ачаад явчихдаг нь үнэхээр хялбар шүү.

-Цуглуулсан, ангилж ялгасан шилнүүдээ хадгалах байр савны асуудал чухал. Хадгалалтын асуудлаа хэрхэн шийдэв?

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг би хадгалах сав маш сайн бэлтгэж тавьдаг. Хадаглалтын асуудал их чухал юм билээ. Цуглуулсан хүмүүс хаана хадгалахаа мэддэггүй нь анзаарагддаг. Манайх цуглуулсан шилнүүдээ байрны подвалуудад хадгалдаг. Шуудайлаад л түүндээ хийгээд тавьдаг даа. Манайх гурван ч подвал бэлтгэсэн. Тэр гуравтаа төрөлжүүлээд хадгалдаг.

Иргэд хогоо тэр тусмаа шилээ хэр ангилан ялгаж байна вэ, авч ирж өгөх идэвх хэр байна?

-Заавал өөрийн биеэр авч ирэж өгөх гэж цаг заваа гарздах шаардлага байдаггүй. Орцондоо байрлуулсан хог ангилан ялгах савнууддаа хийхэд л болчих юм. Хүүхдүүд маш хөөрхөн. Томчуудаас илүү идэвхтэй авч ирж өгдөг. Орц болгоноо камераар хянадаг. Ингэхэд хүүхдүүд хаягдал шил хийх саванд маш идэвхтэй хийж харагддаг. Дэлгүүрээс архи, шар айраг аваад уучихаад шилийг нь эргүүлж өгнө гэж хэзээ ч байдаггүй. Орцондоо л хаядаг. АПУ компанийх нь үүнийг сэргэгээр мэдэрч СӨХ-үүдтэй хамтран ажиллаж шилээ биднээс худалдан авч байгаа нь сайшаалтай. Бид ч урамтай ангилж ялгаад цуглуулаад өгдөг. Үнэ нь нэмэгдсэнээс хойш иргэд ч идэвхтэй өгдөг болсон.

-Танай СӨХ хог хаягдал ангилах ялгах тэр дундаа шил цуглуулах асуудлаа төвөггүй шийдэж хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай юм?

-Ташрамд манай цаасан хайрцаг болон барианы шилнүүдийг нь ангилан ялгаж, цуглуулдаг. Нэг портер цаасан хайрцаг 40 мянган төгрөгийн үнэтэй шүү дээ. Харин барианы шилнүүдээ “Газар шим”-д аваачиж өгдөг.

Ташрамд онцлоход, тус СӨХ ингэж хог ангиллаар хуримтлуулсан мөнгөнөөсөө багахан хүүтэйгээр ажилчдадаа зээлдүүлдэг. Хоёр ч ажилтан урьдчилгаа төлбөр зээлж машин авч байжээ. Мөн тэрбээр ажилчдаа 2019 онд Улаан-Үд, Итгэлт хамба руу автобусаар аялуулж, 2020 онд Эрээн рүү вагоноор аялуулсан байга. Дараагийн жил нь онгоцоор аялуулна гэх төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн халдвар гараад явуулж чадаагүй. Харин өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэзуу болон Төхөмийн хийдээр аялуулсан байна. Хог хаягдал буюу хоёр дахь түүхий эдийн бүтээгдэхүүнээс боссон зардлаарийн ажилчдаа жил болгон аялуулдаг болсон ийм сайхан жишигтэй аж. Энэ тухай тэрбээр “СӨХ-ийн ажилчдынхаа ахуй амьдралыг жаахан ч атугай дээшлүүлж дэмжихийг хичээдэг. Нийгмийн асуудлыг нь шийдээд өгөхөөр тогтвор суурьшилтай ажиллахыг хичээдэг. Энэ утгаараа олон жил ажиллаж байгаа хүмүүс бий” хэмээн ярьсан нь хичнээн бахархалтай.

-Г.МӨНХЦЭЦЭГ: ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ ШИЛЭЭ БАЙГАЛЬД ХАЯЛГҮЙ, ТУШААГААРАЙ

Мөн бид үргэлжүүлэн Баянхошуунд байрлах “Хөх суварга март” дэлгүүрийг зорилоо. Тухайн дэлгүүрийн эзэн Г.Мөнхцэцэг өөрийн дэлгүүртээ шил авах цэг ажиллуулж буй юм. Эргэн тойрныхоо айл өрхүүдээс шилийг нь цуглуулан авч АПУ компанид тушааж байгаль орчинд ээлтэйгээр ажиллаж байгаа нэгэн аж. 

Тэрбээр, “Бид иргэдээс ашигласан шилийг нь худалдаж аваад яг нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Сүүлийн үед манайхыг маш сайн мэддэг болоод байгаа. Ашиглаад хоосорсон шилнүүдээ бариад ирдэг болсон. Архины шилээ 200 төгрөгөөр, шар айрагны шилийг 100 төгрөгөөр худалдан авч байгаа. Гол нь түүхий авдаг цэгүүдээс өндөр үнээр авч байгаа тул авч ирж өгөх илүү дуртай байдаг гэж боддог. Голдуу хараа, экс, эдэн болон бүх төрлийн шар айрагны шилнүүдийг авч байгаа. Хүмүүс ч эдгээр шилнүүдийг авч ирж өгдөг. Сард цугларах шилний тоо янз бүр. Дунджаар 1000 гаруй шил цуглардаг. Харин АПУ компаниас хүмүүс ирж манайхаас сардаа нэг удаа татан авалт хийдэг. Эднийх эх дэлхийгээ хайрлая уриатайгаар ажиллаж байгаагийнхаа хүрээнд шилээ эргүүлэн авч байгаа юм билээ. Та бүхэн ч гэсэн эх дэлхийгээ хайрлах үүднээс шилээ байгаль хаяхгүйгээр тодорхой цэгүүдэд нь тушааж байгаарай гэж уриалмаар байна” хэмээн яриа дэлгэн мэдээлэл хуваалцлаа.

-Б.БУЯНБАДРАХ: АВЧ ИРСЭН ХЭДЭН ШИЛ НЬ 4000-5000 ТӨГРӨГ БОЛОХОД БАЯРЛААД Л ЯВДАГ ХҮМҮҮС БИЙ-

Түүнчлэн бид Ханын материалд байрлах дахивар нөөц худалдан авах цэгийн агентад очиж иргэн Б.Буянбадрахтай ярилцлаа. 

Тэрээр “Өмнө бид цуглуулсан шилээ аваачиж өгдөг байсан. Одоо бол АПУ компани өөрсдөө ирээд авчихдаг болсон. Шуудайтай нь шууд ачуулдаг. Хэн хэндээ ашигтай амар байна. Тэгээд ч шилний үнэ нэмэгдсэн болохоор хүн бүр ашигласан шилээ өгөх маш дуртай байдаг. Өмнө бид долоо хоногт үсрээд ганцхан машин ачуулдаг байсан бол одоо хоёрыг ачуулж байна, би.

-Өмнө нь хэдээр үнэлж авдаг байсан бэ. Одоо хэдэн төгрөг болж нэмэгдэв? 

-Өмнө нь нэг шилийг 50 төгрөгөөр л авдаг байлаа. Одоо бал архины шилийг 200, шар айрагны шилийг 100 төгрөгөөр авдаг болчихсон. Үнэ нь нэмэгдсэнээр хүмүүс дуртайяа авч ирж өгдөг. Хэдэн шил барьж ирээд тэр нь 4000-5000 мянган төгрөг болоход баярлаад л явдаг. Түүж авч ирж буй хүмүүст хүртэл нэмэртэй байна даа.

Шилээ хэдий хугацаанд ачуулж байна вэ? 

-Долоо хоногт хоёр удаа ачуулдаг. Өмнө нь долоо хоногт арайхийж нэг удаа ачуулдаг байсан бол одоо эргэлт нь хамаагүй нэмэгдсэн. Үнэ нь бага байхад хүмүүс түүдэггүй байсантай холбоотой. Ойр хавьд байрлах дэлгүүр, бар цэнгээний газрууд манайд өөрсдөө авч ирээд хэвшчихсэн. Аль алиндаа амар байна.

-О.ОДГЭРЭЛ: ХЭРЭГЛЭГЧДЭЭС ШИЛИЙГ ИЛҮҮ ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАН АВЧ БАЙНА-

Хамгийн сүүлд бид АПУ ХК-ийн Байгууллагын харилцааны менежер О.Одгэрэлтэй уулзаж тодруулсан юм. 

Тэрбээр, “АПУ 2021 оноос “шилээ дахин амьдруулъя”, шидний эргэлтийг нэмэгдүүлж байгальд ээлтэй хэрэглээний соёлыг хэвшүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн үргэлжлэл болгон “Чи чадна” нэртэйгээр илүү өргөн хүрээнд шилний хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах Ингэхдээ илүү олон талын оролцогчдыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Шилний хог хаягдал яах аргагүй олон талыг оролцуулж байж шийдэгдэх системийн хэмжээний асуудал. Энэ хүрээнд хэрэглэгчдээс шилийг илүү өндөр үнээр худалдан авч байна. Иргэд та бүхнээс шилээ эргэлтэд оруулж, байгальд ээлтэй хэрэглээний хэв маяг, соёлыг хэвшүүлж амьдрахыг уриалж байна.

-Хичнээн цэг дээрээс ашигласан шил авч байна вэ?

-АПУ компани 11 мянга гаруй харилцагчтай. Хөдөө орон нутаг болон СӨХ, хүнсний дэлгүүр, шил авах цэг зэрэг энэ санаачилгад нэгдсэн бүх харилцагчдаар дамжуулан байнга татан авалт хийнэ гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Шилний импортын хамаарлыг багасгаж, хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах боломжтой” хэмээлээ.

СУРВАЛЖЛАГЫН ТЭМДЭГЛЭЛ: Нэг үеэ бодвол нийслэлчүүд хогоо ангилж сурах дадал, соёл руу бага багаар дөхөж байна. СӨХ нь айл өрхүүдээ удирдаад уриалахад хогоо хэрхэн сайхан ангилж хаяж байгааг бид олж харав. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч АПУ компани дахин ашиглагдах түүхий эдээ хэрхэн татаж, нийгэмд яаж нөлөөлж, өөрчилж болдогийг харуулж эхэллээ. Шилийг байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, шилний импортын хамаарлыг багасгаж, хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах боломж байна. Шил үйлдвэрлэх явцад гарах хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах нь хүмүүс бидний ухамсарын л асуудал гэдгийг анхаарцгаая.

Eguur.mn

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Үйлдвэрлэл технологийн парк байгуулагдаж байна

Өмнөговь аймгийн төвөөс урагш 100 га талбайд байрлах Үйлдвэр технологийн парк нь захиргаа, олон нийт

2024-06-04

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.2 их наяд төгрөг гаргахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хи

2024-05-02

ОБ-ын албан хаагчдад 25 тэрбумаар хувцас, тоног төхөөрөмж авна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл,

2024-04-24