Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн удирдлага, холбогдох албан тушаалтан болон нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцов.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, үр дүн, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.
Сурагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод байгаль орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хэрхэн туссан болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар тодрууллаа. “Манай улс авлигатай тэмцэх нь чухал гэхдээ урт хугацаандаа цөлжилтөд санаа зовж байна”, “Соёл урлагийн салбар уналтад орж, мэргэжлийн уран бүтээлчид ажлаасаа гарч байна”, “Дэлхийн геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний хувьд ямар бодлого баримталж байгаа вэ”, “ЭЕШ-ын оноог ямар аргачлалаар тооцдог вэ”, “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хүн бүрд хүндээр тусаж байна” зэрэг асуултдаа тэд Ерөнхий сайдаас хариулт авлаа.
Мөн байгалийн ухааны хичээлийн лаборатори дутмаг учраас дадлага, туршилт хийж чаддаггүй, хүүхдүүд сургуулиас амьдрах ухааны мэдлэг авч чадахгүй байна гэв. Багш зэрэг чухал мэргэжлийн босго оноог бууруулснаар тухайн мэргэжил үнэгүйдэж байна.
Олон талт асуудлаар санал, шүүмж хэлсэн сурагчдад Ерөнхий сайд талархал илэрхийлээд “Нийгэмд үүсээд буй асуудлыг засаж залруулахын төлөө Засгийн газар ажиллаж байна. Далд эдийн засгийг ил болгож, эмч, багш нарын цалинг нэмье. Нийслэлд хууль бусаар өмчилсөн газруудыг буцаан авч, ногоон байгууламж болгоё. Авлигын эсрэг хяналт, системийг хамтдаа бүрдүүлье. Бид дүү нартаа, үр хүүхдүүдэдээ илүү сайхан нийгэм үлдээх ёстой” гэлээ.
Post Views: 234
0 cэтгэгдэлтэй