“Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг зохион байгуулахаар боллоо

2022-12-22 303 2

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавьсан.

Уг зорилтын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар боллоо.

Тус хөтөлбөрийг БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо тэргүүтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочлох үйлчилгээний есөн салбарын 176 аж ахуйн нэгж, байгууллагын 728 үйлчилгээний цэг 5-50 хүртэлх хувиар хямдрал, урамшуулал зарлах юм.

Тодруулбал:

  • 17 зочид буудал,
  • 65 ресторан, зоогийн газар,
  • 18 баар, паб, караоке,
  • Томоохон 10 худалдааны төв, их дэлгүүр,
  • Хүнсний дэлгүүрийн 325 нэгж худалдааны салбар,
  • Ноос, ноолуурын 10 дэлгүүр,
  • Электрон барааны дөрвөн дэлгүүрийн 24 салбар,
  • Саун, массажны дөрвөн байгууллага,
  • Эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний 14 байгууллага,
  • Шинэ жилийн хөтөлбөр, үзвэр үйлчилгээтэй 14 байгууллага тус хөтөлбөрт нэгдээд байна.

Уг санаачилга Монгол Улсад өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавина хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.

“Шинэ жилээр Монголд”  хөтөлбөрт нэгдсэн төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр уулзан, мэдээллээ нэгтгэж, санал хүсэлтээ хэлэлцлээ. Энэ үеэр Монголын Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх “Хөтөлбөрт нэгдсэн байгууллагууд нэгэн жигд сурталчилгааг байгууллагынхаа үүдэнд байрлуулна. Үүний тусламжтайгаар жуулчид хямдралтай байгууллагуудыг хялбар таних боломжтой болно. Анх удаа хэрэгжүүлж буй хөтөлбөр гэдэг утгаараа алдаа дутагдал гарах байх. Гэхдээ ирэх жилүүдэд алдаагаа засаж, улам сайжруулан, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллацгаая” хэмээн уриалав.

Монгол Улсад ирэх жуулчдад зориулан арваннэгдүгээр сараас эхлэн гадаадын 60 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хөтөлбөрийн талаарх мэдээ, мэдээллийг түгээжээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн гарын авлагыг хилийн боомтууд, онгоцны буудалд тараах аж. Жуулчдад зориулан 24 цагийн турш үйлчлэх утасны оператор ажиллуулж байгаа бөгөөд цахим платформуудыг хөгжүүлээд байна.

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Winter sale” төслийг санаачлан “UB Winter” гар утасны аппликейшн, www.UBwinter.com  цахим хуудсыг нэвтрүүллээ. Таван орны хэлээр хөгжүүлэлтээ хийж буй тус цахим платформуудаар дамжуулан өвлийн аялал жуулчлалыг олон улсад сурталчлах, арга хэмжээний мэдээлэл хүргэх, дотоод, гадаадын жуулчдад бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх юм.

Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687 дугаараар 24 цагийн турш англи, орос хэлээр жуулчдад мэдээ, мэдээлэл өгөн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүрг

2024-06-03

Орхон голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар “Орхон” голын усанд 1 эрэгтэй

2024-05-27

Нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаатай холбогдуулан Бага тойр

2024-05-25