Б.АЙБОЛАТ: Хүний захын эрхтэнд хөлдөлт үүсэх хангалттай хугацаа учраас шөнө 2 цаг тутамд тандалт хийж байна

2022-12-22 366 0

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэд Төв талбай дээр 18 дахь өдрөө суулт зарлаж байна. Энэ хугацаанд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 600 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20 гаруй хүнийг эмнэлэгт хүргэн ажиллажээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболатаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Төв талбайд болж буй жагсаал, суултын үеэр эрүүл мэндийн байгууллага нэлээд ачаалалтай ажиллаж байх шиг байна. 24 цагийн турш гэхээр?

-НЭМГ-ын харьяа байгууллагууд болох дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төв энэ хугацаанд тогтмол ажиллаж байна. Жагсаал эхэлсний маргааш буюу 12-р сарын 05-ны өдөр олныг хамарсан үймээн үүсэж болзошгүй байсан учир Нийслэлийн түргэн тусламжийн 10 баг ажилласан. Энэ сарын 10-ны өдрийг хүртэл 4 баг 24 цагийн турш ажиллаж байгаад 13-ны өдрөөс эхлэн 3 баг ажиллах болсон. Та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн, Нийслэлийн түргэн тусламжийн төвд их эмчийн орон тоо дутагдалтай ажилладаг гэдгийг. Амбулаториор эсвэл дуудлагаар өвчтөнөө үзээд явж байх ёстой эмч нар маань ингээд 24 цагаар ажиллахаар эрүүл мэндийн байгууллагад ачаалал нэмж байгаа юм. Гэсэн хэдий ч бид тангараг өргөсөн хүмүүс. Энд байгаа хүмүүст ямар нэг байдлаар хүндрэл гарах вий, хөл гар нь хөлдөх вий, гэнэтийн байдлаар амь насанд нь халтай ямар нэг өвчлөл тохиолдох вий гэдгээс сэргийлэн гурван баг ажиллаж байна.

-Энэ хугацаанд хэдэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бэ?

-Суулт зарласан, өдрийн цагаар жагсаалд оролцож байгаа хүн гээд давхардсан тоогоор 600 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Шөнийн цагаар бол хоёр цаг тутамд амин үзүүлэлтийг нь үзэж, тандалт хийж байна. Яагаад 2 цаг тутамд биеийн байдлыг нь үнэлж байна вэ гэхээр цаг агаарын нөхцөл байдал нөлөөлж байгаа юм. Шууд хэлэхэд, зуны цагт бол 2 цаг тутамд үзлэг хийх шаардлагагүй ш дээ.

Хоёр цаг гэдэг хүний захын эрхтэнд хөлдөлт үүсэх хангалттай хугацаа. Нөгөөтэйгүүр, хүн даарах, нойргүйдэх, хөдөлгөөнгүй удаан байхад биеийн дархлаа сулардаг. Тийм учраас хоёр цаг тутамд тандалт хийх нь тухайн хүнээ тодорхой хэмжээнд хөдөлгөөнд оруулах ач холбогдолтой.

-Жагсаал, суултад оролцогчдын дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Хоолой өвдөх, ханиад хүрэх, дархлаа сулрах, артерийн даралт ихсэх өвчлөлүүд зонхилж байна. Тухай бүрт нь эмнэлгийн тусламж үзүүлж байна. Шаардлагатай тохиолдолд улсын 1-р эмнэлэг, ТТАХНЭ-т хүргэн тусламж үзүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд хүнд болон хүндэвтэр тохиолдол байсангүй. Гэхдээ ийм тохиолдол алга гээд зүгээр орхиод байж болохгүй. Өдөр ч, шөнө ч үүргээ гүйцэтгэж байна, манай эмч нар.

-Иргэдэд хандан ямар зөвлөгөө өгөх вэ. Хэт даарах нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Эмч хүний хувьд хэлэхэд аль болох удаан хугацаанд ингэж баймааргүй, эрүүл мэндээ бодмоор байна. 30 хэмийн хүйтэнд гадаа хонож байгаа юм чинь алсдаа хүндрэл гарах эрсдэлтэй. Хэт даарснаас өвчлөх хүндрэх эрсдэл бий. Ер нь сахрын болон артерийн даралт ихсэх өвчтэй хүн байвал ямар хүндрэл гарах уу гээд хүн тус бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавиасай, даарч хөрөхөөс сэргийлээсэй гэж зөвлөмөөр байна. Хүйтний улиралд идэж буй хоол хүнс, явдал мөрдөө анхаарч байж л хүн эрүүл байна шүү дээ. Эмнэлгийн байгууллага 24 цагаар ажиллаж байгаа тул тусламж үйлчилгээг маш хурдан авах боломж байна. Хэрэв танд ямар нэг тусламж хэрэгтэй бол 103 дугаарын утас руу залгах эсвэл өөрөө эмчдээ очоод үзүүлж болно оо гэдгийг мөн хэлмээр байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүрг

2024-06-03

Орхон голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар “Орхон” голын усанд 1 эрэгтэй

2024-05-27

Нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаатай холбогдуулан Бага тойр

2024-05-25