10 гаруй жил гацсан Түлэгдэлтийн эмнэлгийн 1-р блок өнөөдөр нээлтээ хийж ашиглалтад орлоо.
Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, тус эмнэлгийн Түлэгдэлтийн эмнэлэг хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн, Монгол Улсын хүний гавьяат эмч Л.Тулгаа нарын албан хүмүүс болон эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Тус эмнэлэг нь 7 давхар, 250 ортой бөгөөд хөлдөж, түлэгдсэн болон гэмтлийн эмнэлгийн зарим ачаалал өндөртэй тасгууд байрлаж иргэдэд үйлчлэх юм. Цаашид зөвхөн Түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй Гэмтэл Согогийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТ-ийн ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэдийн хүлээгдэл чирэгдлийг багасгахад гол үүрэг гүйцэтгэх хоёрдох том төв юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдөр хуучнаар ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төв ТҮЛЭГДЭЛТИЙН ЭМНЭЛЭГ нэртэй ашиглалтад орж байна. Тус эмнэлэг нь 250 ортой, 2 блоктой бөгөөд нийт 22.6 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр баригдаж ашиглалтад орж байгаа. Төсвийн хувьд Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас 14.9 тэрбум, Монгол Улсын Засгийн газрын сангаас 7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр өнөөдөр ашиглалтад хүлээн авч байна.
2021 оны улсын төсвөөс 7.6 тэрбум төгрөгийг шийдэж, эмнэлгийн хоёр корпуст шаардлагатай тоног төхрөөмжийн худалдан авалтуудыг хийж, суурилуулсан байгаа. Энэ эмнэлэг нь ганцхан түлэнхийн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй мөн сэдрэлт, гэмтлийн нөхөн сэргээх эмчилгээ болон бусад ГССҮТ дээр ачаалалтай байгаа зарим тасаг нэгжүүдийн тусламж үйлчилгээг хавсан үзүүлэн ачааллыг тэнцвэржүүлж, иргэдэд шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор байгуулагдаж байна.
2-р блокийн ажил 90 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улиралд багтааж, ашиглалтад оруулж, хүлээн авахаар ажиллаж байна.” гэв.
ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах “ГССҮТ нь энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээнд ганц төв тул ачаалал маш өндөр байдаг. Тиймээс салбар эмнэлэг ашиглалтад орсноор яаралтай тусламжийг хоёр талдаа зэрэг үзүүлэх боломжтой болж байна. Эмнэлэг нь түлэгдэл, шавьж хорхойд хазуулсан, гэмтлийн сэдрэлт, түлэнхийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, цаашлаад ясны хавдар, ясны эмгэг, спортын гэмтлийн тасгууд зэрэг маш олон чиглэлийн тасаг нэгжүүд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Түлэгдэлтийг эмчилгээ, үйлчилгээг олон улсын түвшинд, Азийн түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ чиглэлээр сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлэн, эмч ажилчдаа бэлдсэн. Бид өнөөдрөөс Түлэгдэлтийн эмнэлгийнхээ 1-р блокд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болж байна.
ГССҮТ-ийн тусламж үйлчилгээний салшгүй нэг хэсэг бол сэргээн засах эмчилгээ байдаг. Тус эмчилгээг шинэ эмнэлэг дээр 20 ортойгоор ажиллуулахаар болсныг дуулгахад таатай байна. Энэ дашрамд Засгийн газар, ЭМЯ-ны удирдлагуудад нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
2021 онд Эрүүл мэндийн сайд С.Энхболд төсвийн тодотголоор 7.6 тэрбум төгрөгийг төсвлөж өгсөн. Тус төсвөөр эмнэлэгт шаардлагатай бүх тоног төхөөрөмж сууриулан өнөөдөр үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо.” гэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд алсын түргэн тусламжид зориулсан туулах чадвар өндөртэй Toyota Prado 150 маркын автомашиныг ГССҮТ-д гардуулан өглөө.
0 cэтгэгдэлтэй