“Шонхор”-ын наймаа, түүнийг дагасан эргэлзээг хэн эцэслэх вэ?

2021-08-27 595 0

Засгийн газрын “Нууц тогтоол” -оор халхавчлан төрийн нэрээр  шонхор шувууг хилээр гаргадаг  далд бизнес, авлига “цэцэглэж” байгааг “Зууны мэдээ” сонин өнгөрсөн онд хөндөн бичиж байв. Сүүлийн үед хэвлэлүүд гадагш гаргадаг  шонхорын тоо  эрс өсөж өндрөө авсан талаар асуудал дэвшүүлэх болов. Төв аймгийн нутагт өдгөө дөрвөн ч улсын анчдын отог ирж бууриа зассан сураг дуулдав.

Ер нь бол  2015 оноос хойш  Засгийн газрын “Нууц тогтоол” гэгчээр шонхорын  тоо, төлбөр хураамжийг нууцалж, соёлын зориулалтаар гаргасан, бэлэглэсэн гэсхийгээд өнгөрүүлдэг жишиг тогтсон. “Соёлын зориулалт” гэж тайлбарладаг. Тэр нь   аливаа амьтныг зурах, гэрэл зургийг авч хальсанд буулгах, дуу авианых нь бичлэгийг хийж сонсгох, телевизийн дэлгэц, кино, жүжигт ашиглах, их, дээд, дунд сургуульд хичээлийн үзүүлэн болгох, чихмэл хийж эсвэл амьдаар нь музей, зоо паркт үзүүлэн болгож ашиглахыг хэлдэг. Соёлын ийм зориулалтаар ашиглахад аль ч улсад олон тооны шонхор хэрэггүй. Нэг улсад 2-3,  үсрээд  10-ыг гаргаж болохоор. Гэтэл БОАЖЯ  таван  жил дараалан “Нууц тогтоол” гаргуулчихаад, соёлын зориулалтаар эсвэл бэлэг гээд жил бүр хэдэн зуугаар нь дэлхийд нэн ховордсон, улсынхаа  үндэсний бахархал болох үнэт шувуугаа гадаадад гаргадаг байж боломгүйг бид  хангалттай хэлж сануулсан.

Гэтэл энэ удаа “агнуурын шувуу” нэрийн дор шонхор  гаргаж, үнийг нь  “агнасан, агнуулсан” гэх төлбөр тооцоогоор хааж байна уу гэсэн хардлага төрөхөөр байгааг зарим эх сурвалж хэлж байгаа ажээ.  “Агнуурын шувуу” гэх шошго зүүлттэй байгаа нь  бодитой, эсэхийг шалгадаг, хянадаг газар байгаа бол удахгүй хариулт өгөх биз ээ.

 Төлбөр хураамж ямар байдалтай явж ирснийг  үзэхэд манай улс  идлэг шонхор шувууг гадаадад гаргаж эхэлсэн 1993 оноос  2015 оныг хүртэл жил бүр гардаг Засгийн газрын тогтоолд ямар нэгэн зориулалт заахгүйгээр зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг нь л авч шонхороо гадаадад гаргасаар ирсэн байдаг. Үүнээс үзэхэд манай улс шонхор шувуугаа, ашиг олох юм уу, арилжааны зориулалтаар хэзээ ч гадаадад гаргаж байгаагүй гэсэн ойлголт төрж байгаа юм. Хэрэв ашиг олох юм уу арилжааны зориулалтаар гаргаж байсан бол үнэ /төлбөр, хураамж/ нь зах зээлийн жишгээр  өөрчлөгдөх байсан биз. Тэгвэл төлбөр, хураамж нь 2009 оноос хойшх 10 жилд огт  өөрчлөгдөөгүй,  нэг шонхор 16.4 сая төгрөгөөр үнэлэгдэж ирсэн. Энэ удаа БОАЖ-ын сайд Ж.Уртнасан үнийг нь харин ч нэмэгдүүлж, нэг шонхорыг  34.1 сая орчим төгрөгөөр үнэлж байгаа гэсэн мэдээ хэвлэлд гарчээ. Гэсэн ч энэ нь зохих ёсоор биш амьд шонхорыг “агнуурын шувуу” гэх нэрээр гаргасан хөнгөлөлттэй үнэ биш биз гэсэн асуулт байна.

Бас нэг өөрчлөгдсөн зохицуулалт нь шонхор шувуу гаргах тоо, зөвшөөрлийг өмнө нь БОАЖЯ-ны  Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга олгодог байв. Тухайлбал, энэ албан тушаалд  ажиллаж байсан  Д.Даваасамба, Г.Нямдаваа, н.Цогтбаатар  нар олгож байсан байдаг.  Өдгөө  энэ зөвшөөрлийг Төрийн нарийн бичгийн дарга нь өгдөг болсон бололтой. Газрын дарга олгож байсан зөвшөөрлийг Төрийн нарийн бичгийн дарга олгодог болсон нь үнэн бол   хариуцлага өндөржсөн бус харин авлига өндрөө авсаны  дохио гэлтэй.

 Засгийн газрын “Нууц тогтоол” нэрээр халхавчлан гадаадад гаргадаг  шонхор шувууны тоог хууль зөрчиж нууцлаад зогсохгүй төсөвт орвол зохих төлбөр, хураамжийг нь  дутуу төлүүлж эсвэл “бэлэг”  нэрээр ямар ч төлбөр, хураамжгүйгээр гаргаж, сүүлийн үед “агнуур шувуу” хэмээн  улсыг хэдэн арван тэрбум төгрөгөөр хохироосоор ирсэн явдлыг хэн хэзээ шалгаж, хариуцлага тооцох вэ. Монголын баялаг  авлигын замаар чимээгүй урссаар байх уу?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. Ч.ҮЛ-ОЛДОХ

2021.8.27 Баасан

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөхүүд “Тавантолгой түлш” компанид ажиллалаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэргэшсэн зөвлөхүүд Тавантолгой түлш компа

2024-11-29

Чанарын аяны шилдгүүд тодорлоо

Тавантолгой түлш компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ-2024

2024-11-29

Засаг дарга Б.Зоригтбаяр 7 хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэй уулзаж байна

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудал,

2024-11-27