Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно

2025-08-25 7 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд эхэллээ.

“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” (Inspire-Impact-Invest) гэсэн уриатай энэ чуулга уулзалтад 25 улсын 230 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хүндэт бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, манлайлагч эмэгтэйчүүд ээ,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохоор мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсыг зорин ирсэн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Эмэгтэйчүүд Та бүхэн бол өрх гэрийн сайн сайхан амьдралд төдийгүй улс орны хөгжил цэцэглэлт, нийгмийн амар амгаланг бүтээхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг эрхэм хүмүүс билээ.

Монголчууд бид эрт дээр үеэс эх хүнийг эрхэмлэн дээдэлж, эмэгтэйчүүдээ хүндэтгэн хайрлаж, тэдний хатан ухаан, торгон мэдрэмж, энэрэнгүй сэтгэл, алдар гавьяа, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн дээдэлж, эмэгтэйчүүдийн оролцоог нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л түвшинд нэмэгдүүлэхийг төрийн бодлогынхоо нэгэн чухал зорилт болгосоор ирсэн.

Энэ бодлогын хүрээнд Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон улсын чуулга уулзалтуудыг өөрийн эх орондоо тогтмол зохион байгуулж байна.

Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаа “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриан дор Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.

Дэлхий нийтээрээ улс төр, нийгэм, эдийн засгийн олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулж буй энэ он жилүүдэд ажлын байраа хадгалан, бизнесээ амжилттай эрхэлж, улс орныхоо төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үн

2025-11-06

Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ой

2025-10-30