Протокол: “Цагаан хад”-ыг эзэмшдэг бүлэглэлийн эзэн нь хэн юм бэ?

2023-12-20 92 0

УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороог парламент байгуулсан. Тус түр хорооноос нүүрсний сонсголын хоёр дахь хэсгийг энэ долоо хоногт зохион байгуулж байгаа билээ. Өчигдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж, 51 гэрчийг дууджээ. Өчигдөр болсон сонсголоос тоймлон хүргэж байна.

 “Засгийн газар 2007 оноос эхлэн нүүрсний үнийг 10 орчим удаа өөрчилсөн”

 

Сонсголын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2011 оноос хойш нүүрсний борлуулалтын гэрээний үнийг хэрхэн тогтоож байсныг шинжээч танилцуулав.

Шинжээчийн дүгнэлт:

-Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна. Энэ бол алдагдсан боломж.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-2015 он хүртэл Ганц модны үнэ 60-100 орчим ам.доллар байсан байна. Эрдэнэс Тавантолгойн гэрээний үнэ 30-50 ам.долларт хэлбэлзэж байсан байна. Яагаад ийм бага үнээр явж байсан бэ. Энэ үнийг яаж тогтоож байсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Би 2012 оны аравдугаар сард томилогдож байсан. Тэр үед зөвхөн зүүн цанхийн уурхай ажилладаг. Нүүрсийг Чалкогийн өрөнд өгч байсан. Энэ маягаар жил гаруй явсан. Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар бүхэн тодорхойлдог байсан. Харамсалтай нь тухайн үед үнэ тогтмол унаж байсан. 70 ам.доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй ам.доллар болж байсан. Цагаан хад хүртэлх тээвэр 20 ам.долларт багтдаг байсан. Ганц модноос цааш богинын тээвэр 10 ам.доллар байсан. Цагаан хад дээр их алдагдал хүлээдэг. Нүүрсний хорогдол их гардаг. Хятадын хэдэн компани ачиж буулгасан нэртэй ашиг хийгээд байж байдаг. Би хувьдаа үүнийг хаах ёстой гэж боддог.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-2021 онд Ганц мод боомтод нүүрсний үнэ 400 ам.доллар хүрсэн байхад яагаад тус компанийн нүүрсний үнэ буураад байсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан:

-Би борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганц боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлалыг баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Тухайн үед Ганц мод боомтын хилийн нэвтрэлт нэлээд муудсан байсан. Өмнө нь өдөрт 1000 машин гардаг байсан бол 100 болж буурсан. Үүнээс болж тээврийн зардал 325 ам.долларт хүрч байсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нүүрсний үнэ тогтоохыг Засгийн газар шийддэг юм. Засгийн газар 2007 оноос эхлээд 10 орчим удаа өөрчилсөн байна. Нэг бол аман нөхцөлтэй эсвэл жишиг үнэ тогтоодог. Жишиг үнэ тогтоовол татвар өндөр байдаг. Миний тооцооллоор нүүрсний үнийн алдагдал 1.4 тэрбум ам.доллар болж байна. “Эрдэнэс Тавантолгой” 100 хувь төрийн өмчит компани. 2021, 2022 онд нүүрсний үнэ дээд цэгтээ хүрч байсан үед хамгийн том хулгай явсан. Богинын тээвэр 400 ам.доллар болсон нь хулгай гэв.

 Я.Батсуурь: аяннуурынхны бүлэглэл хүчтэй, тэд Цагаан хаднаас ашиг олдог

Үргэлжлүүлэн Цагаан хадны асуудлын талаар Хянан шалгах түр хорооны гишүүн болон гэрчүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Цагаан хадыг анх яах гэж бий болгосон юм бэ. Уурхайн нүүрсийг тэнд буулгаад тонн тутамд нь зардал олгож байх шийдвэрийг хэн гаргасан юм. Хилийн боомтоос 20 км хүрэхгүй газар буулгаад, дараа нь 120 гаруй ам.доллароор тээвэрлэх шаардлага байсан уу.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболд:

-Намайг ажил авахад Цагаан хадыг зогсоочихсон байсан. Уурхайн амнаас нүүрс аваад уртын тээвэр хийснээр Ганц мод боомт дээр очдог байлаа. Энэ бол хамгийн зөв хэлбэр. Уурхайн амнаас гарсан нүүрсийг дунд нь Цагаан хад дээр буулгаад зардал гаргах нь илүү зүйл. Гэтэл Цагаан хад дээр жагсаал цуглаан болсноор дахин нээсэн. Цагаан хадыг нээж, уурхай болон улсын хил хоёрын дунд нүүрсээ овоолсноор манай компани үнэ тогтоох боломжгүй болсон. Учир нь Цагаан хадны компаниуд үнэ тогтоох нөхцөл нь бүрдсэн. Тэд уурхайгаас авсан нүүрсийг овоолж хил гаргахгүй, сүүлдээ үнээр тоглож эхэлсэн. Дундын тоглогч болох Цагаан хадыг байхгүй болгосноор уурхайн амнаас гарсан нүүрс үнэтэй болох байсан. Тэгэхээр Цагаан хад гэдэг зүйлийг нээснээр бид нүүрсний зах зээлийн үнээ барих боломжоо алдсан юм. Өмнө нь уртын тээврээр явж байхад нэг тонн нүүрсийг 23 ам.доллароор тээвэрлэж байсан. Зардлыг тооцоолж үзэхэд бүх зүйл болж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Цагаан хаднаас хил хүртэл нүүрс зөөж буй компаниуд та нарт дарамт шахалт үзүүлж байсан уу. Ер нь компаниуд жолоочоо гаргаж ирээд турхираад байна уу.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Цагаан хадны ачиж буулгадаг талбай нь Баяннуурынхны юм. Ханбогд сумаас газар авчихсан Хятадын компаниуд байдаг. Тэд Цагаан хаднаас ашиг олдог. Уурхайн амнаас Цагаан хад хүртэл монгол компаниуд тээвэр хийдэг. Харин цаашаа хил хүртэл монгол жолоочтой хятад эзэнтэй компаниуд тээвэрлэдэг. Богино тээврийн зардал нь би ажиллаж байх үед өндөр байсан. Тиймээс маргаан үүсгэж, “Чалко”-той яриад Цагаан хадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгасан. Удахгүй Баяннуурын бүлэглэл жагсаал цуглаан үүсгэж, нүүрсний экспортыг хааснаар Цагаан хадыг дахин нээлгүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Таныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй нэг хэрэгт чирсэн гэж ойлгож байгаа. Г.Дэнзэн нь 17 тэрбум төгрөгийн нүүрс ачиж буулгах талбайн тендерт ялсан. Нүүрс ачиж буулгах талбайн эрх ашиг хөндөгдөхөд ямар бүлэглэл нөлөөлсөн бэ. Таны ярьж буй зүйлс нотлох баримтаар илэрсэн. Нэр бүхий улстөрчид тухайн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, жижиг Тавантолгойн ТУЗ-ийн гишүүдтэй хамтарч Цагаан хадыг үүсгэн байгуулж, монопол үүсгэсэн. Тэр том бүлэглэл Цагаан хадыг бий болгосон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Намайг ажил авахад нүүрс Цагаан хадаар дамждаг байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс ачилт буулгалтын талбайг ашиглах талаар тендер зарлахад “Говьпавер” гэх компани шалгарсан. Гэхдээ гүний гааль байгуулагдаад нүүрс шууд тээвэрлэх болсон. Тиймээс нэг ч ажил гүйцэтгээгүй учраас гэрээг цуцалсан.Түүний дараа тэр компани шүүхэд хандсан. Цагаан хадны ард талын эзэд нь хэн гэдгийг мэдэхгүй. Баяннуурын голчилсон бүлэглэл үнэхээр хүчтэй. Түүнийг нь хаасны дараа хүн шатсан, жагссан гэх мэт асуудлууд их байгаа.

 Ч.Хүрэлбаатар: Чалкотай хийсэн гэрээ бол сайн гэрээ

Мөн өчигдрийн үдээс хойшхи сонсголоор “Чалко” компанитай байгуулсан гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Гэрчээр Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Төрийн өмчийн хороон дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга асан Д.Сугар нар гэрчээр оролцов.

Шинжээчийн дүгнэлтээс:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 онд БНХАУ-ын “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх, худалдах авах гэрээ байгуулсан. Гэрээг эцэслэн боловсруулахдаа ТУЗ-ийн хараат бус гишүүд урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларыг зөвхөн уул уурхайн үйл ажиллагаанд зарцуулах нь зүйтэй, хэрэв Хүний хөгжлийн санд энэ урьдчилгааг шилжүүлбэл IРО хийхэд сөргөөр нөлөөлөхийг тэмдэглэж, тогтоолд ТУЗ-ийн дарга Д.Сугар гарын үсэг зурсан. Нийт дөрвөн удаа урьдчилгаа төлбөр авсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалко” компанид 66.6 сая ам.долларыг төлсөн. Нийт алдагдсан боломж 317.2 сая ам.доллар байна. 2011 онд “Чалко”-оос авсан 300 сая ам.долларыг Хүний хөгжил санд зарцуулсан. 322767 ахмад настанд нэг сая төгрөг, 1721 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг сая төгрөгийг олгожээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Энэбиш гуай олон жил төрд ажилласан. Танд хэн санал тавиад захирлаар ажилласан юм бэ. Тухайн үед улстөрчид ямар шахаа хийдэг байсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Би Их хуралд 1990-2001 он хүртэл олон жил ажилласан. Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт санал болгосон. Бид Нью-Йорк хотод хамт ажиллаж байсан. Төрийн өмчийн уул уурхайн компаниудын удирдлагуудыг Ерөнхий сайд, намын даргатай зөвшилцөхгүй томилдоггүй байх. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, Шадар сайд Н.Алтанхуяг байсан. Хоёулаа намын дарга байсан. Ингээд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдож байсан. Тухайн үед улстөрчдийн шахаа байсан. Эхлээд би Засгийн газрын шахаа байсан гэж хэлнэ. Хоёр нам нэгдээд Хүний хөгжлийн сангаас иргэдэд мөнгө өгнө гээд амлачихсан. УИХ-ын гишүүдээс 30 гаруй нь дуудаж уулзаж, гуйж байсан. Хүн ажилд авах гэх мэт асуудлаар уулзаж байж. Нэрсийг бол олон жил өнгөрсөн учраас мартсан байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Би энэ асуудалтай ямар байдлаар холбогдоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Үнэ зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад нэг өсөөд, нэг буураад явдаг. Чалкотай хийсэн гэрээ бол өндөр үнэтэй байхад хийсэн гэрээ сайн гэрээ.

Сангийн сайд асан С.Баярцогт:

-Төрийн байгууллагаа хүндэтгээд ирлээ. 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж баталсан. Үүнтэй холбогдуулаад стратегийн 16, стратегийн ордод ойрхон 34 ордыг баталсан. 2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газар 40 дүгээр тогтоол гэж гаргаад Оюу толгой болон Тавантолгойн ордыг ашиглах удирдамжийг баталж өгсөн. 2010 оны долдугаар сарын 7-нд “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулах тогтоолыг УИХ баталсан. 2010-2016 онд Хүний хөгжлийн сантай байсан. Энэ сангийн төсвийг УИХ-ын хуулиар жил бүхэн төсөвтэй хамт баталдаг байсан. Орлого нь стратегийн 16 ордоос үйл ажиллагааны орлого, АМНАТ, татварын урьдчилгаа, урьдчилгаа зээл зэргээс бүрдүүлэхээр заасан байсан. “Эрдэнэс Тавантолгой” хоёр удаа тодорхой хэмжээний орлогыг бүрдүүлж байсан. Яг өнөөдрийн яригдаж байгаа гэрээнд Засгийн газар, Сангийн яам, Сангийн сайд оролцдоггүй. Аж ахуйн нэгжийн хооронд хийгддэг гэрээ.

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт:

-Тавантолгойн орд газрыг ашиглах эрх гаднын компанид байсан. 1999 онд гаднын компаниуд хаяад гараад явахад нь үндэсний аж ахуй нэгж ашиглах эрхийг нь аваад 10 гаруй жил хадгалж байгаад төрдөө буцааж өгсөн байдаг. 2008 онд сонгууль болоход төрдөө буцаж ирсэн ордыг хэрхэн ашиглах, ямар байдлаар ард иргэддээ үр шимийг нь хүртээх вэ гэдэг маш том хэлэлцүүлэг улс орны хэмжээнд явагдсан. Үүний үр дүнд хоёр нам эх орны хишиг 1.5 сая өгнө гэж амлалт өгөөд хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эх орны хишиг хувь өгнө гэдэг заалт орсон. Жил бүхэн УИХ-аас Засгийн газраас үүрэг өгч, тогтоол баталдаг байсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажилласан.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэ

2024-11-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд тү

2024-11-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын хуралд үг хэллээ

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нуруу

2024-11-12