60 мянган хүний өвчлөл, 300 хүний үхлээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч боллоо

2021-06-15 666 1
Монголын сонгуулиуд, коронавирус-цар тахал хоёр, нэгэн зэрэг л яваад байлаа. Зургадугаар сарын 9-нд хоёулаа яллаа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсныхоо баярыг тэмдэглэж байхад цар тахлаар өвчилсөн 1340 хүн (зөвхөн нэг хоногт), энэ өвчнөөр нас барсан 10 хүн тэдний гэр бүл төрөл төрөгсөд уй гашуунд уйлж суулаа. Цар тахалд ялагдаж байгаа нь энэ. Монголын гурван сая гаруйхан иргэн гэрээсээ толгой цухуйлгах ч эрхгүй өндөржүүлсэн бэлэн байдлын хорионд байгаа. Ийм нөхцөл байдалд манай МАН, “Шалгарсан Ерөнхийлөгчтэй боллоо” гээд хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр баяр хөөрөө дэлхий дахинд цацаж байх юм. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн процессыг зөв болсон, буруу болсон гэж бичмээргүй байна. Ерөнхийлөгч болсон хүний талаар ч бичих нь илүүц.
Миний олон жил дэмжиж үзэгнийхээ үзүүрийг мохтол бичсэн “хуурай дүү” маань Ерөнхийлөгчийн сэнтийд заларлаа. Нас бие эрдэм чадлаараа болох л хүн. Ард түмэн ч тэгээд л бараг далан хувийн санал өгөө биз. Ганцхан зүйлд л би сэтгэл эмзэглэж байгаа. Түрүү ч олон удаа сануулж бичсэн. Мянга мянган хүний үхэл зовлон, амь амьдралаар өндөр дээд сэнтийд сууж болдоггүй юм шүү. Дэргэдээс чинь төрийн сүлд, дээрээс чинь тэнгэр бурхан харж байгаа гэж. За яахав, миний үгийг “Жамъян гуай чалчиж л байна” гэж бодоо биз. Энэ олон ахмад настан, эх үрсийн сэтгэлийг бодож болох л байсан шүү дээ, тэгсэнгүй.
Уул нь энэ коронавирус гэдэг цар тахлыг жилийн өмнө, байгдаа гэхэд хэдэн сарын өмнө ул үндэсгүй дарчихаж болох байсан юм. Чааваас даа, гуравхан сая хүнийг бүтэн хагас жил хорионд байлгаад 60 мянгыг нь өвчлүүлээд, 300 гаруйг нь үхүүлээд намаа ялуулчихаж, өөрөө Ерөнхийлөгч болчихож болдог юм уу. Цар тахал өөрсдөд нь хишигтэй байгаа учраас, бүр өнөө намрыг дуустал нөхөн сонгуулиуд өнгөртөл энэ хэвэнд нь байлгана гэсэн дам яриа ч гадуу явж л байна. Монгол гэдэг маань нялхас өтгөстэйгөө нийлээд 3.3 сая юм шүү дээ. Том хотуудын нэг дүүрэг ч хүрэхгүй хүнийг ингэтлээ тарчлаан зовоож байгаад нь У.Хүрэлсүх болон түүний хамсаатнуудад бухимдаад, бичээд байгаа юм. Миний адил бодол санаатай хүн ч олон байгаа байх. Даанч энэ хэдэн хүнээ ядуу зүдүү байлгаад сонгуулийн өмнө хэдэн төгрөгөөр хуурч хэзээ ч биелэгдэхгүй зүйл амладгаас “ялчих” юм даа. Би зөвхөн өөрийнхөө мэдэх хөдөлшгүй хэдэн баримтаа энд бичье. Төсвийн болон цар тахлын нэрээр олж авсан олон их наяд төгрөгийг зөвхөн Ерөнхийлөгчийнхөө сонгуульд зарцуулсан.
1. Тус бүр 750 сая төгрөгийн үнэтэй уушиг орлуулах аппарат улсын хэмжээнд хоёрхон байгаагийн нэг нь эвдэрхий байхад шинээр аппарат авалгүй хичнээн тэрбум төгрөгийн сонгуульдаа зарж байв. Аппарат хүрэлцээгүйгээс нас барсан хүмүүс олон л байгаа байх.
2. Өвчтөнийг хэвтүүлж эмчлэх оргүй, эмч ажилтны нөөцгүй боллоо гээд хичнээн мянган өвчтөнийг гэрийн эмчилгээнд гаргав. Мөнгөө харамлаад шүү дээ. Үүнээс болж хичнээн өрх айлынхан бүгдээрээ өвчилж, үхэх нь үхэв дээ. Бүх зүйлийг нууж байгаа. Даан ялангуяа жирэмсэн эх, хүүхдийн өвчлөлийг нууцалж худал мэдээлсээр байгаа. Найман настай охин цар тахлаар нас барсныг таг нууж, манай сэтгүүлчдийн хүчээр илэрлээ. Ийм хичнээн өвчлөл, үхэл нууцлагдаа бол!!
3. Өвлийн дүн хүйтнээр У.Хүрэлсүх танхимаараа огцорч байгаа нь энэ гэж жүжиглэхэд, Ерөнхий сайдгүй, УОК, НОК, ЭМЯ нь удирдлагагүй болж коронавирус хоногт 66 хүртэл гардаг болсон шүү дээ. Энэ бол У.Хүрэлсүхийн тараасан өвчний эхний дэгдэлт байлаа.
4. МАН-ын 100 жилийн ойг ямар нүсэр тэмдэглэсэн гээ. Намын 100 жилийн ойн медаль гэж ямар гоёмсог медаль гаргасан гээ. Хэдэн зуун саяар нь хэвлэж гаргаж байгаа юм. МАН-ын гишүүний цахим батлах, намын сурталчилгааны өнгөтэй ном, товхимуул гээд олон тэрбум төгрөгийн зүйл хэвлүүлж байгаа юм. Өнөө Гадаад харилцааны сайдынх нь дундаас нь 5-6 зуун сая төгрөг цохичихдог “үнэт цаас” гээд тоо томшгүй олон зүйл хэвлүүлж, түүнийгээ хот хөдөөгүй түмэн хүн бөөгнүүлж тараагаад коронавирусын халдварыг хоногт 1000 давуулан, үхлийг 12, 13 хүргэнэ билээ. Энэ бол У.Хүрэлсүхийн тараасан коронавирусийн хоёр дахь дэгдэлт байлаа.
5. У.Хүрэлсүхийнхэн хатуу хөл хорио, өнөө 300 мянган төгрөгийг элдэв шалтаг заан хойшлуулсаар байлаа. Тэр хооронд чинь олон мянган хүн өвчилж, олон арван хүн нас барж байгаа юм. Хойшлуулсаар байсан гол зорилго нь Ерөнхийлөгчийнхөө сонгуульд ойртуулж, “МАН-ын чинь, Хүрэлсүхийн чинь бэлэг шүү дээ” гэж харагдуулах гээд байлаа. Уул нь түүнээс өмнө хатуу хөл хориог жинхэнэ номынх нь дагуу 14-21 хоног тогтоосон бол өнөөдөр өвчин зовлонгүй, айх аюулгүй байлаа шүү дээ. Зөвхөн намаа, хувиа бодсоноос цар тахал дийлдэхээ больсон үед хатуу хөл хориог оромдоод өнгөрсөн. Гол нь энэ 21 хоногт дарга сайд нарын архины үйлдвэр худалдааг хаагаагүйгээс Улаанбаатар хот л гэхэд архин далайд умбаж байлаа. Хоногт 200-540 хүн эрүүлжүүлэгдэж, 80-100 жолооч журамлагдаж байгааг чинь “хатуу хөл хорио” гэдэг юм уу. Дэндүү сэтгэлгүй хандсан даа.
6. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн эрх баригчид ямар их мөнгө тараав аа. Улаанбаатар хотод гэхэд томоохон заал танхимууд битүү хүнтэй байгаа. Хуралтай гэж зарлаад намын гишүүн, гишүүн бус 200-300 хүнээр тэр том танхимуудыг дүүргэчихсэн байгаа юм. Юун зай барих, хоёр метрийн зай, бараг л дээр дээрээс нь суулгачихсан. Хүмүүсийг ороход гар утсыг нь хурааж аваад тусгай саванд битүүмжилж хадгалсан. Бичлэг хийж зураг аван нууц алдагдана гэхээс болгоомжилж байгаа нь тэр. Гарахад нь гар утастай нь хамт дугтуйтай 200 мянган төгрөг өгөөд гаргаж байсан. Зөвхөн танхим дүүрэн хүнд тус бүр 200 мянган төгрөг өгнө гэдэг мөн их мөнгө шүү. Улс хотын хэмжээгээр хэдэн их наяд болоо бол. Энэ чинь төсвийн мөнгө, коронагийн хандивын мөнгө. Хулгайн мөнгөөр сонгууль хийж байгаа нь энэ. Би тэгж хардаж байна. У.Хүрэлсүхийн цар тахал тараасан 3 дахь тохиолдол энэ. Энэ их цугларалтын бараг маргаашнаас нь л өвчлөл 1000 гарч, үхэл өдөрт 10-аас дээш тоологдох болсон. Санал хураалтын өмнөхөн малчин өрхийн дансанд 100 мянган төгрөг нууцаар орж ирсэн. Эрх баригчид баригдахаараа гадаадын улс орон руу бухаж бултана билээ. Малчиддаа зуу зуун мянгаар нь тараа гэж их мөнгө өгдөг ямар ч улс орон байхгүй шүү дээ. Биднийг малаас дор үздэг боддогийн жишээ энэ.
8. Сонгууль эхлэх гэж байхад урд замд 265 сая төгрөг тээсэн машин баригдсан. Зөвхөн нэг машин баригдсан нь энэ. Мөн их мөнгө шүү. Хүмүүс бол “аймаг болгонд нэг машин мөнгө хүргэсэн байх, зөвхөн баригдсан нь л энэ” гэж байгаа. Энэ нь үнэний хувьтай ч байж магадгүй. Яагаад гэвэл энэ баригдсан машин, жолоочийг таг нуучихлаа шүү дээ. Тэр хэн гэдэг жолоочтой хаанахын машин, ямар зориулалттай тэр их мөнгө тээж явсныг саатуулан шалгаж, ард түмэндээ үнэн зөв мэдээлэх байсан бус уу. Тэгээгүй. Эрх баригчдын гар хөл болсон хууль хяналтынхан одоо хүртэл нуун дарагдуулж байгаа. Ийм их мөнгөөр л Ерөнхийлөгчийн сонгуулийг хийчихлээ дээ. Энэ бүхэн чинь улсын төсвийн мөнгө, ард түмний татварын мөнгө, коронавирус нэрээр орж ирсэн хандив тусламжийн мөнгө. Үүнээс ч олон баримт бий. Би тоймтойгоос нь бичиж байгаа нь энэ. Гол нь Монголын ард түмнээс чинь 60 мянга гаруй нь цар тахлаар өвчилж, 300 гаруй хүн нас барчихаад, өвчлөгчдийн 30 орчим хувь нь хүүхэд болоод түрүүчээсээ нас барж байхад У.Хүрэлсүх тэргүүтэй хэсэг бүлэг хүн сонгуулийн мөнгөөр шоудаж, баярлаж бахархаад байгаад л миний сэтгэл үймрээд байгаа юм. Аппарат хэрэгсэл, эм тариа байхгүй, “гэгээр эмчилж байгаа нь энэ” гээд бараг бүх өрхдөө өвчин тарааж, мөнгөөр нь та нар зөөлөн суудалд тухалж, тансаглаж болдог юм уу.
9. Энэ цар тахлыг чинь амархан дарчихдаг олон туршлага дэлхийд гарлаа. Гол нь чанартай вакцинаар хүн амаа дархлаажуулалт хийдэг юм байна. Та нар сайн санаарай. Д.Трамп “пфрайзер” вакцинаар тариулж, В.Путин “спутник” вакцин хийлгээд дэлхий нийтэд зарлаж байснаас хойш мөн ч их хугацаа өнгөрч дээ. Энэ үеэс л санаа тавьж, шилдэг вакцинуудаар гэрээ хэлцэл хийж, мөнгийг нь шилжүүлж бэлтгэлээ хангаж байсан бол өнөөдөр монголчууд коронавирусийг бүрэн устгаж, айх аюулгүй сууж байх байсан юм. Тэгээгүй. Бүх вакцин адилхан чанар үйлчилгээтэй гэж бидний тархийг угаагаад Хятад, Энэтхэг мэтийн хэдэн улсын хамгийн хямд, үнэ төлбөргүй, бэлэг дурсгалын гэж хэлж болох хэдэн вакцинаар бидэн дээр туршлага хийж байлаа шүү дээ. Энэ вакцинуудаа хийлгэ гэж тулгаад, хийлгэсэнд нь 50 мянган төгрөгийн урамшуулал олгож байх юм. Тэгэхэд Оросын тэр хүчтэй вакциныг хичнээн сар хүлээгээд, хэрүүл зарга болж байж 1 дүгээр тунгий нь хийлгэсэн боловч олон зуун мянган хүн 2 дугаар тунгаа авч чадалгүй өнөөдрийг хүрлээ. Муухай улстөржүүлж ялгаварлаж байгаа юм шүү. В.Путин “Манай вакцин ямар ч эрсдэлгүй хамгийн сайн нь. Астразенка вакцин 61 хувийн дархлаа тогтоодог бол спутник вакцин 91 хувийн дархлаа тогтоож байгаа” гэж яриад, бичээд байна. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч болон эрдэмтдийн багийн гэх физикийн багш хоёр хүн үнэн яриад, Путин худлаа яриад байгаа юм уу. Өглөө оройгүй бидний тархийг эрдэмтдийн багийн физикийн багш, ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хоёр угааж байгаа. Дандаа худал зөрүүтэй мэдээлэл хийнэ. Найман настай охин коронагаар нас барчихаад байхад хүүхэд жирэмсний өвчлөл, үхлийг та нуучихаж байгаа юм. Засгийн газар, УОК-т туршлагатай, мэдлэгтэй ганц вируслогич олдсонгүй гэж үү. Өнөө академийн доктор П.Нямдаваа, Монголд олон вакцин хийсэн төрийн соёрхолт нэрт эрдэмтэн Д.Дандий гэхчлэн хүмүүс олдсонгүй гэж үү. Физикийн нэг багш л “Хатуу хөл хорио тогтоогоогүй бол хэдэн зуун хүн үхэх байсан. Би л тулдаа гайгүй өнгөрөөлөө” гэх шахуу юм яриад толгой эргүүлээд байх юм даа. Эрх баригчид хүмүүсийнхээ эрүүл мэнд амь насанд дэндүү хайнга хандаж байгаа юм шүү. Зүгээр л үзмэрчид шиг, өвчлөлийн оргил үе нь төдийд, төдөн сарын дараа устана. Таван сарын арван тавдаар буурна гэхчлэн хий хоосон юм ярьж, хүмүүсийн тархи угааж, айлгаж сүрдүүлж байгаа нь У.Хүрэлсүх тэргүүтэй хэдэн хүний бодлого байх л даа. Миний хувьд спутник вакцинаа оруулж ирээд дархлаажуулаад өгөөч гэж хэдэн сар гуйж, бичиж, арга ядаад төрийн хоёр сайд, зургаан даргад бараг л мөргөх шахам гуйж байж 5 дугаар сарын 7-нд эхний тун хийлгэсэн. 2 дугаар тунгаа хийлгэх гэхээр 90 хоногт хийж болно гэж хэдэн удаа хойшлуулаад одоо хүртэл хийгээгүй л байна. Одоо цааш нь хичнээн сараар сунгах юм, бүү мэд. Энэ хооронд чинь мань мэт нь үхээд хэдэн дахин төрчих хугацаа өнгөрлөө. Намайг үхчихвэл “Жамъян гуай гараа угаалгүй байгаад үхчихсэн” л гэх байх. Монголчууд чинь их ухаалаг, хүлээцтэй, төр засгийн бодлогод гүн хүндэтгэлтэй ханддаг хүмүүс. Тэгээд ч энэ цар тахлын үед дээд зэргийн дуулгавартай хандаж байгаа. Гараад хараарай даа. Гудамжинд маскгүй хүн нэг ч алга. Хөтлөлцөөд хэсч яваа хүнийг олохгүй. Та нар л бидэнд бурууг нь өгөөд байгаагаас биш, цар тахал зориудаар тарааж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүс чинь дарга сайд нар та бүхэн.
У.Хүрэлсүх дүү минь, чи намайг хатуухан юмыг хатуухан биччихдэг, зөөлөн юманд зөөлөн ханддагийг мэднэ дээ. Тэгээд л “60 мянган хүний өвчлөл, 300 гаруй хүний үхлээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болчихлоо” гээд бичээд байгаа юм. Ер нь ямар ч сонгууль байлаа гэсэн өвчин дарагдтал, намар болтол хойшлуулж болох л байсан. Японыг хар даа, дэлхийн олимпийг хүртэл хойшлуулсан. Тэгтэл та нар энэ цар тахлыг дарах тухай биш ашиг хонжоогоо бодоод дахиад л сонгууль, баяр наадмуудыг хурайлан дуудаж байх юм. Та нар болон та нарын гэр бүлийнхэн хүчтэй вакцинаар дархлаажсан айх аюулгүй байж болох юм. Энэ улс орон, ард түмэн чинь сүйрлээ шүү дээ. Өнөөдөр (өчигдөр) 6 дугаар сарын 13-нд улсын хэмжээнд 1884 хүн коронагаар өвчилж, 11 хүн нас барлаа гэнэ. Энэ чинь баяр наадам хийж байх үе мөн байна уу. Ноднин жил наадмыг онлайнаар ямар сайхан явуулсан гээ. Улсын наадам, аймаг, сумдын наадам Хэнтийн болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиуд үргэлжилнэ. Сангийн яам банкныхан чинь түүнд зориулах гээд Монголын мөнгийг хадгалаад чанартай сайн вакцинууд оруулж ирэхгүй, цар тахлыг улам бүр дэлгэрүүлээд байгаа юм биш үү.
Ерөнхийлөгчийн сонгуулийн бузар булхайг захын хэдэн баримтаар гаргаж тавилаа. Би, намуудын нууц хуйвалдаан, нууц тохироонуудыг цувралаар ард түмэндээ хүргэх болно. Үүнийгээ 60 жил батлахыг нь хадгалж яваа өөрийн нам-МАН-аар эхэлж байгаа нь энэ. Нөгөө хоёр нэр дэвшигчийн талаар над хангалттай баримт материал бий. Албан ёсоор баталгаажуулж буух эзэнтэй, буцах замтай тавина. Сонгуулийн ерөнхий хороо, цагдаа, тагнуул, шүүх прокурорынхны гинжин холбоог ч баталгаажуулна. Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авах, сонгогчдын саналыг эд мөнгөөр худалдаж авах, өвчин тахлыг зориуд санаатайгаар тараах, хүний эрх, эрх чөлөөг зөрчих гэхчлэн энэ бүхэн чинь эрүүгийн хуулийн хатуу зүйл ангитай, хүнд ялтай юм билээ. Талбайд суулт хийсэн долоон хүүхэн Олон улсын шүүхэд хандана гэж байна билээ. Миний хувьд бол одоохондоо бодсон санасан зүйл алга. Цагдаа, тагнуул, шүүх, прокурор бол мэдээж эрх баригч намынхаа, шинэ Ерөнхийлөгчийнхөө талд үйлчилнэ л дээ. Эрх баригчид тэр тусмаа шинэ Ерөнхийлөгчийн зүгээс цар тахалтай шийдвэртэй тэмцэхгүй, монголчуудыг үй олноор нь үхүүлэхэд хүрвэл хандах ганцхан газар над бий. Авлигатай тэмцэх газар. З.Дашдаваа даргатай энэ газрын хамт олон шударга бус олон хэргийг илрүүлж зоригтой тэмцэж байгаа. Энэ л эцсийн найдвар юм даа. Ер нь тэгээд “Монголд шударга ёсыг тогтооно, үхэхээс айхгүй байна” хэмээн амлаж байсан У.Хүрэлсүх маань ийм муухай загнахаар чинь хэнд итгэх юм бэ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихлоо. Би У.Хүрэлсүх болон түүний хамсаатан нарт нэг л зүйл хэлдэг. Дахин сануулъя. “Олон хүний өвчин зовлон үхэл хагацлаар дөрөөлж хүрсэн суудал бузар л байдаг юм даа”!!
Г.ЖАМЪЯН (Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн)
Эх сурвалж: Өдрийн сонин
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэ

2024-11-20

Хятадад 40 000 юаниар зарагдсан гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа

Хятадад 40 000 юаниар зарагдсан  гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа. Өдгөөгөөс 12 жилийн өмнө буюу

2024-11-19

Өрхийн сарын дундаж орлого ₮1.7 сая болж, өмнөх оны мөн үеэс ₮158 мянгаар нэмэгджээ

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.4 мянган төг

2024-11-18