АН ДАХИН НЭГДЛЭЭ

2021-05-05 1493 1

Ардчилсан хувьсгалаас хойш ердөө хоёрхон нам ээлжилж эрх барьж байсны нэг нь МАН, нөгөө нь АН. Эдгээр жилүүдэд эрх барьсан нь АН-ын хувьд хоёрхон сонгуулийн үр дүн байсан болов ч тэд бусад цаг үед нь сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж чаддаг байлаа. Хүчтэй сөрөг хүчин байсныхаа хүчинд Тавантолгойг төрийн өмчинд авч үлдэж чадаж байв. Ардын нам дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудалтай байхдаа ч АН-ыг засагтаа урьдаг байлаа.  Д.Дорлигжавын үед, М.Энхсайханы үед, Р.Гончигдоржийн үед, Ц.Элбэгдоржийн үед, Н.Алтанхуягийн үед, З.Энхболдын үед ч  энэ нам нам шиг нам байж чаддаг байв. Олон фракцид хуваагддаг ч олон ургальч үзлээ уралдуулдаг байв. Тэр хэрээрээ улс орныхоо төлөө зөв дуугарч чаддаг байлаа. Энэ дуу нь Монголын улс төрийг тодорхойлцдог байсан юм. Гэтэл С.Эрдэнэ даргын үеэс л энэ намын эв эвдэрч эхэлсэн. Намаа зангиддаг, бодлого тодорхойлцдог түүчээ хэдийгээ ил далдуур түлхэх болсон. Энэ нь явсаар өнөөгийн АН-ыг буй болгоод байв.  УИХ дахь намын бүлэг нь нэгдсэн шийдэлгүй, нэг “ам”-аар ярьдаггүй болчихсон байсан АН-д Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ гэрэл асааж байх шиг байна. Учир нь, УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан АН-ын бүлгийн 13 гишүүн өчигдөр намын бүлгийнхээ албан бланк дээр гарын үсэг зурцгаагаад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад хандаж мэдэгдэл хүргүүлсэн нь энэ нам эргээд нэгдэж чадаж байгааг харуулж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий аудиторт хандан “УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар болон АН- ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар удаа дараалан ажилласан УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар танай байгууллагад хандаад байна. Ардчилсан нам нь Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг хүлээн зөвшөөрсөн олон намын оролцоо бүхий парламентын тогтолцоо бүрэн утгаараа төлөвших үйл явцад голлох үүрэг гүйцэтгэдэг 180 000 гаруй гишүүнтэй, төрийн эрх мэдлийг УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан хэрэгжүүлдэг, үндэсний хэмжээний намын хувьд Ардчилсан намы нэр барьсан худал мэдээлэл, хуурамч баримт сэлт бүхий аливаа этгээдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байх, Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигч Норовын Алтанхуягийн мөрийн хөтөлбөрт яаралтай дүгнэлт гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэсэн мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм.

Ерөнхий аудиторт хандсан эл мэдэгдлээс хоёр зүйл маш тодорхой байгаа юм. Нэгдүгээрт, АН-ыг парламентад суудалтай субъект болгосон гишүүд нь тус намын хууль ёсны нэр дэвшигч нь Норовын Алтанхуяг гэдэг дээр санал нэгдэж байна. АН нь хэрвээ парламентын нам мөн л бол төрийн эрхийг хэрэгжүүлэгч УИХ дахь намын бүлгийн байр суурийг эл намын байр суурь гэж ойлгох ёстой.

Хоёрдугаарт, сүүлийн хоёр жил эв эвдэрсэн АН эргээд нэг цул болон нэгдэж байна гэдэг нь Ерөнхий аудиторт хаягласан дээрх албан бичгээс харагдаж байна. Зарчмынхаа төлөө тэд нэг дуутай байж чадаж байгаа нь АН-ын сүүлийн хоёр жилийн түүхэн дэх гэрэлтэй мэдээ нь болж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

15 настай охин согтуурч, найз хөвгүүнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

Өнгөрөгч ням гарагт буюу хоёрдугаар сарын 02-нд БГД-т 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгал

2025-02-04

Энэ сарын 15-18-ны хооронд хүйтний эрч суларна

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус га

2025-01-14

Хоёр эмэгтэйн амь хөнөөсөн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ

Цагдаагийн албан хаагчид хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард илр

2025-01-14