Эрээн нуурын эрээн бараан

2021-08-25 963 0

Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд

Цээлийн загас өргөөлөн наадман

Цэлэлзэх мандал нь мөнгөрөн бидэртээд

Цэнгийн нүүдэл хоргодон чуулсан

Алтран шаргалтах элсэн зүмбэртэй

Ариухан дөлгөөн эрээн нуур

Алтан говийн буяныг бялхаасан

Амсар дүүрэн завьяа юу даа… Энэ удаагийн “АЛТАЙН ТЭМДЭГЛЭЛ”-ээ өөрийн эрхгүй энэ сайхан дууны эгшгэнд бүүвэйлүүлэн эхэлж байна. Эрэг дээр нь очин очтол урьд өмнө үзээгүй надад энэ сайхан нуур тэр л дууныхаа үзэсгэлэнгээр мэдрэгдсээр явлаа. Тэрхэн зуур ЭРЭЭН гэдэг үгний гарлын тухай, утгын тухай бодож явлаа. Эргэж ирээд “Монгол хэлний товч тайлбар толь” сөхөн үзвээс ЭРЭЭН гэсэн утгын тайлбарт: “1. Юмны өнгө зүс жижиг алаг цоохрыг хэлнэ гэсэн ерөнхий утга гарч ирлээ. Цааш лавшруулваас ЭРЭЭН МЯРААН гэсэн хоршоо үг байна. Бас шилжсэн утгаар хүний муу санааг хэлдэг байна. Жишээ нь “хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа” хэмээчихүй. Үгсийн сангийн энэ утгатай дүйхгүй шинжтэй. Миний мэддэгээр бол Хөдөлмөрийн баатар төрийн шагналт ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн төрсөн нутагт ЭРЭЭН УУЛ гэж уул байдаг тухай түүний зохиолоос мэдэх юм. Бас ч Дорнод аймгийн Баян-Уул сумын Ульхан харуул нутагт ЭРЭЭН-ийн тэрэгний үйлдвэр гэж байсан. Модон тэрэг хийдэг газар юм даа. Энэ яаж нэрлэгдснийг мэдэхгүй. Ойртуулаад шүүрдэж үзвэл цахим хуудасны хайлтын системд ЭРЭЭН гэдэг үгээр тодруулвал хамгийн түрүүнд ЭРЭЭН ХОТ гэдэг мэдээлэл давхиад гараад ирж байна даа. Энэ бол бидэнд ЭРЭЭН НУУР-аас ЭРЭЭН ХОТ чухал болсныг бэлхнээ харуулж байна. Бид хөгжлөө хөгжлөө гэхэд ЭРЭЭН ХОТ-оос ЭРЭЭН НУУР-аа худалдаж авч чадахгүй. Миний ярих гээд байгаа ЭРЭЭН БАРААН зүйл энэ буюу…Эрээн нуур минь таны эрэг хөвөөн дээр очлоо. Элэг эмтэрлээ. Ус цангадаг юм гэнэ лээ. Домогт өгүүлдэг. Хярсан туулайн айсан нүд шиг мэлтэлзэн тормойх сайхан нуур минь. Таны мөн биеийн тодорхойлолтыг харж сууна. Таныг юу гэж тодорхойлсныг хамтдаа уншицгаая: “ Эрээн нуур: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутагт орших дөрвөн талаасаа элсэн манхнаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур. Завхан голын усаар тэжээгддэг. Далайн түвшнээс дээш 1450.5 метрт оршдог, 4 км.кв талбайтай. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манхны цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, зэгс, бургасанд нь усны шувууд цуглаж орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. Говь-Алтайчууд “Монголын Швейцарь бол Хөвсгөл гэж ярьдаг бол говь нутгийн Швейцарь бол Эрээн нуураа хө” хэмээн хошигнодог. Эрээн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон, нуурын ус руу элс нуран орсон ч булингартдаггүй өвөрмөц тогтоцтой ажээ. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манхнууд нь нүүгээд байх шиг санагддаг хэрнээ Эрээн нуурын ус тув тунгалагаар мэлмэрч байдаг нь гайхалтай сонин. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн итгэж яддаг гэнэ. Амьд амьтан тогтохын аргагүй аагим халуун хуурай элсэн дунд цэв цэнхэр тунгалаг нуур байна гэхэд итгэхийн аргагүй ертөнц ажээ. Эрээн нуурын эзэн нь хоёр хөөрхөн хүүхэд байдаг хэмээн домоглодог. Өглөө эртийн нарнаар торгон элсний хаяан дээр тоглож байгаад хүний бараа харангуут нуурандаа ус цалгиулан инээсээр ордог гэнэ. Тэр хоёр хүүхдийг харсан хүнд үрийн заяа, аз хийморийн лундаа оршдог хэмээн бэлгэшээнэ.” Өөр нэгэн хууч ярианд, Эрээн нуур, Их Монгол элсэн манханыг ороо морь, хурдан морины савдагтай хэмээдэг. Их Монгол элсэнд нутагшин байрлаж Эрээн нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгоноороо давхилдах Шувуун хээр гэдэг азаргатай 40 орчим зэрлэг адуу энэ их элсэнд байсан хэмээн өвгөд хөгшид домог болгон ярьдаг.

Эрээн нуур та минь ийм л нуур байж дээ. Ёстой л усан гүнж, усан дагина гээч нь сэтгэлд тодорч байна. Өнөөх сайхан дуу сэтгэлд гунигтай ч юм шиг эгшиглэж эхэллээ. Энэ дууг зохиогчид нь ЭРЭЭН НУУР-ын сайхныг мэдэрч бичсэн уугуул нутгийн уран бүтээлчид. Яруу сайхан шүлгийг нь энэ нутгийн уран бүтээлч Дагшинжавын Лхагвасүрэн /МУСГЗ/ , Уянгат сайхан аялгууг нь хөгжмийн зохиолч алдарт баян хуурч Гончигийн Тэрбиш /МУГЖ/ нар бүтээж алдарт дуучин Увс нутгийн хүү Жанчив асан /МУГЖ/ анх дуулсан байдаг. Энэ цагаас хойш энэ дууг олон ч дуучин дуулсан. Ард түмэн тэр чигээрээ дуулсан. Өвөрмонголын алдарт дуучин Лхасүрэн хүртэл дуулсан. Тэр чинээгээрээ ЭРЭЭН НУУР-ыг маань монгол түмэн мэддэг болсон. Дуунд гардаг агуулгаар нь сэтгэл сэтгэлдээ цэлэлзүүлдэг болсон. Эрэг хөвөөнд нь очиж элбэг ариунаас нь хүртэж энэ биеэ ариусгахыг мөрөөддөг болсон. Тийм сайхнаараа юу. Үгүй байна. Үлгэр болжээ. Тэгтэл…тэгтэл гэдэг үгийг одоо л хөндөлсүүлмээр санагдлаа. “Их санасан газар есөн шөнө хоосон” гэж монгол цэцэн үг бий дээ. Нуур ус, булаг шандаа хамгаалж ирсэн ард түмний цээр хориог эргэн санаж, сайхан нуураа аврах үйлсийг хойш тавих цаг хугацаа, орон зайгүй болжээ. Эрээн нуурын усны түвшин 1999 оноос л мэргэжлийн хүмүүсийн анхааралд өртсөн. Манай орон цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх болсон талаар мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид энэ үеэс л дуугарч эхэлсэн байдаг юм. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэн газрын гүний ус ширгэх, гол мөрний ундарга багасах зэрэг сөрөг өөрчлөлт сүүлийн хэдэн жил хурдацтайгаар гарч байна. Энэ ч Эрээн нуурыг тойроогүй. Дээр нь Завхан голын урсацаар тэжээгдэх жам нь жим болтлоо нарийсаж байгаа нь илүү их хор хөнөөлтэй. Тайширын усан цахилгаан станцыг барих жилүүдэд дээрх шалтгаануудад ташуур нэмсэн юм. Хүний хөгжил, техникийн шинэ дэвшлийн улмаас ширгэх шингэх үзэгдэл улам л гаарсан байна. Ер нь бол Отгонтэнгэр уулаас эх авдаг Завхан гол сүүлчийн цутгал хүртлээ 808 км урсдаг. Жаргаланчууд, байгальдаа хайртай хүмүүс. Энэ нуурын эрээн тавиланд санаа зовж хэд хэдэн удаа тэжээдэг эжий голоос нь нуурын зүг суваг шуудуу, хаалт далан хийж, бас ч чамгүй хэдэн төгрөг зарцуулсан тухай эрэг хөвөөн дээр нь амьдран суугаа нутгийхан, аялагчид тосдог хүмүүс халаглан харамсан ярьж байна. Хамгийн сүүлд далан байгуулахдаа инженерийн нүдээр харж, мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр хийсэн далан нь тэр дорхноо сэтэрч үр дүнгүй ажил болсныг ч дурдаад авсан. Одоо нэг сэтгэлээр нэг дайралтаар ЭРЭЭН нуураа эрээн бараанаас нь аврах цаг нэгэнт болжээ. Одоогоос 12 жилийн өмнө анх удаа нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр Завхан голын гольдролыг Эрээн нуур руу чиглүүлэх гэж далан барьсан хэдий ч тэр нь үер даалгүй сэтэрсэн байдаг. Ийнхүү ЭРЭЭН нуур жилээс жилд жижгэрч байна. Тэртээ он жилүүдэд яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч асан “Жирмийн цагаан нуур” гэдэг дууны шүлэг бичиж, нутгийн аяган нуураа харамлан халагласан байдаг. Тэр дуунд гардагчлан:

Жил жилээр дундарсан

Жирмийн цагаан нуур минь

Жилээс жилд жижгэрсэн

Жаахан буурал ээжий минь…хэмээн дуулдаг шиг “Эрээн нуур” дуундаа л мөнхөрч үлдэх ойртжээ. Эрээн нуурын усны бохирдлын судалгааг дорвитой хийлгэж, үр дүнтэй дүгнэлт гаргаж, төр засгийн хэмжээнд анхаарал хандуулж нутгийн иргэдийн сайхан сэтгэлийг дэмжиж, урам зоригийг өрнүүлсэн төсөл хөтөлбөрт түшиглэсэн төгс төгөлдөр ажил хийх цаг болсныг хаяа үүдэнд чинь ирээд цаг хугацаа тогшиж байна. Ухваргүй зарим нь ургасан зэгсийг нь өвс тэжээл хадлан бордоо мэт ухаарч “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр” гэдэг алсын хараагүй загнаж байна. Зэгс нь усаа уугаад дуусахын цагт нуур ч үгүй зэгс ч үгүй болохоор шавартай тойрмыг нь долоохгүй шүү дээ…Амьдралын хар ухаанд хат суусан нутгийн малчин түмний удам та нар минь хүртэл энэ нуурыг өвс хадлан гэж хардагаа больж үзээрэй. Нуур хайран нулимс ойрхон. Говь-Алтай аймаг энэ дөрвөн жилд алим жимс нь алагласан, төмс тариа нь элбэгшсэн НОГООН АЛТАЙ болох их давалгааг өрнүүлсэн гэж сонссон. Сайн үйлс сайхан хэрэг. Үүний зэрэгцээ ус голоо тэтгэсэн, нуур цөөрмөө хамгаалсан ЦЭНХЭР АЛТАЙ болгох ариун үйлс наана чинь тулж ирснийг ухааран болгоогоосой. Усгүй бол гэж ухаандаа бодоход л ам хуурайшдаг биз дээ. НОГООН АЛТАЙ-г бүтээн байгуулах хамгийн гол асуудал нь ЦЭНХЭР АЛТАЙ хэмээх ус чандмань эрдэнэ бөлгөө… Эрээн нуурын эрэг хөвөөн дээр 2021 оны 7 дугаар сарын 29-ны үдийн хойно ямархан байгаа эмгэнэлт нэгэн зургийг та нартаа харууллаа. Нуур гол өргөө нь болсон загас шувуу амьсгал хурааж хураасан аргал шиг байгааг та бүхэн болгооно буй за…Энэ зураг ямар ч тайлбаргүй бидний өмнөөс АВРААЧ гэсэн ганцхан үгийг хэлж байна…

Сэтгүүлч Л.МӨНХТӨР

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эрдэнэт хотод цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Зэвсэгт

2024-11-30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөхүүд “Тавантолгой түлш” компанид ажиллалаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэргэшсэн зөвлөхүүд Тавантолгой түлш компа

2024-11-29

Чанарын аяны шилдгүүд тодорлоо

Тавантолгой түлш компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ-2024

2024-11-29