14000 орчим тээвэрчид нэгдэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ил захидал илгээлээ

2021-02-03 1798 0

Танд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.

Таны  “Бид цаг алдаж болохгүй! Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байхад үед л амжиж шийдэл гаргах учиртай” гэж хэлсэнчлэн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж бүрийг ашиглаж ажиллах шийдвэр гаргах цаг нь одоо болсон гэдэгтэй бид санал нэг байна.

  Баянзам тээвэрчдийн холбоо нь Шивээхүрэн боомтын 2500 тээвэрчид, Тавантолгой-Цагаанхад уртын чиглэлийн 7000 тээвэрчид, Цагаанхад-Ганц мод боомтын 6000 тээвэрчид, Тавантолгой-Чойр чиглэлийн 800 тээвэрчид нийт 14000 орчим Монгол тээвэрчдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага билээ.

 Улс орон даяар цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын эдийн засаг үндсэндээ царцаж, олон улсын шугамаар ирж буй зээл, тусламжийг эс тооцвол уул уурхайн экспорт дээр эцсийн найдлага тавин тэссээр буй энэ үед Баянзам тээвэрчдийн холбоо нь ногоон бүсийн нүүрсний тээвэрлэлтийг эрчимжүүлж экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЭВ НЭГДЭЛ-НЭГ ЗАМ “ 60 хоногийн аяныг санаачлан, албан ёсоор эхлүүлээд байгаа билээ.

“ЭВ НЭГДЭЛ-НЭГ ЗАМ” аяны хүрээнд Цогтцэций-Цагаанхад-Гашуун сухайт, Шивээ хүрэн-Сэхэ, Цогтцэций-Чойр-Замын-Үүд чиглэлд нүүрсний тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулахад хувь нэмрээ оруулж, талцал хуваагдал улс төржүүлэлтээс болж алдсан боломжоо нэмэгдүүлж, ногоон гарцаар, төмөр замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд төр хувийн хэвшил тээвэрчид нэгдэн ажиллах зорилт тавьсан билээ.

 Улаанбаатар төмөр зам, Хятадын төмөр замын хооронд өдөрт 14 галт тэрэг солилцооны хэлэлцээртэй. Үүнээс 4 галт тэрэг нь дамжин өнгөрөх галт тэрэг, 10 галт тэрэг нь Монгол Улсын экспортын барааг тээвэрлэх боломжтой галт тэрэг байна. Энэ нь өдөрт 33 000 тонн, нэг сард 990 000 тонн, нэг жилд 11 880 000 тонн нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэх боломж байгаа судалгаа гарчээ. Сүүлийн жилүүдийн төмрийн хүдрийн экспортын судалгаанаас харахад жилд дунджаар 3000 000 тонн төмрийн хүдэр экспортод гаргасан байдаг. Үүнээс үзэхэд 8 880 000 тонн нүүрсийг Замын-Үүд-Эрээн боомтоор гаргах бодит боломж байна. Үүнд тус холбооны зүгээс төлөөлөн эрх ашгийг нь хамгаалдаг мянга мянган нүүрс тээвэрчдийн зүтгэл оролцоо салшгүй хэсэг нь болсоор ирсэн.

 Гэвч цөөн албан тушаалтны явцуу хандлага, ашиг сонирхлын зөрчил тулгалтаас болж дээрх дурьдсан бодит боломж дахин алдагдах нөхцөл байдал үүсч эхэллээ.

 Цагаан хад- Гашуун сухайт, Шивээ хүрэн-Сэхэ боомтын  орчинд богинын тээврийн нүүрс ачилт, хил нэвтрэх гаалийн лац олголтод хээл хахууль шаг дамлалт гаарч, дунд доод албан тушаалтнуудын дарамт нугалаа завхрал хэрээс хэтэрч буй талаар тээвэрчдийн гомдол хүсэлт, баримт мэдээлэлд бид дарагдсаар байна.

 Зөвхөн Чойр чиглэлийн нүүрс тээврийг эхлүүлэх явцад нутгийн удирдлагын зарим төлөөлөл “Эрдэнэс таван толгой” ХК-д “Чойр чиглэлийн ачилтыг зогсоох, нүүрс худалдан авах гэрээг цуцал” гэсэн шаардлагыг хүргүүлсэн ба улсын чанартай замыг хаалгахаар нутгийн залуус иргэдийг татан оруулах, Чойр чиглэлийн замаар тээвэр явуулахыг дэмжсэн иргэдийг загнаж дарамтлан, жагсаал тэмцэлд уриалж буй мэдээлэл ирсээр байна. Бодит нөхцөл байдалд Чойр чиглэлийн тээвэр нь хятадын худалдан авагчдын нүүрсийг гэрээт тээврийн компаниуд улсын чанартай авто замаар тээвэрлэн хүргэх Тавантолгой -Цагаанхад чиглэлийн нэгэн адил орон нутагт хийгдэх тээвэр юм.  Чойр чиглэлийн зам нь Цогтцэций сумын нутаг дэвсгэрээр 90 км үргэлжлэх бөгөөд энэ 90 км авто замын 2 хажуу талд замаас 5 км-ийн радиуст нийт 14 өрх айл оршин суудаг.

 Эдгээр 14 өрх айл бүртэй тээвэрчдийн төлөөлөл уулзсан бөгөөд  нутгийн иргэд тээвэрчид биднийг ойлгон зөвхөн маршрутын замаар, олон салаа зам гаргахгүйгээр тээвэрлэлт хийхийг дэмжсэн байдаг. Гэтэл Чойр чиглэлийн тээврийг зогсоохоор улайрч, Страто гэх тээвэрт огт оролцоогүй компанитай холбон улс төржүүлж буй зарим дарга нарын туйлширсан үйл ажиллагаа нь уул уурхайн гол бүс Тавантолгойн экспортыг тэлж, дотоодын нүүрс тээврийн хоёрдох нөөц замыг нээж, хөрөнгө оруулалт хийж жигдрүүлэхэд хортой саад тотгор учруулж буйг  та бусад баримт мэдээлэлд тулгуурлан дүгнэн харна гэж найдаж байна.

 Зарим нэг хувийн сонирхолтой этгээдүүд нүүрс тээврийг муухай харагдуулж, байгаль орчины нэр барьдаг хэт туйлширсан хандлагыг далимдуулж, асуудлыг улс төржүүлэх замаар  төр засаг, аймгийн удирдлагад нөлөөлж, ажил орлогогүй зогсож буй манай тээвэрчдийг төдийгүй, хятадын худалдан авагчид болон бусад тээвэр эрхлэгч ААНБ-ыг давхар хохироодог уламжлал болсон буруу жишиг Ковид цар тахлын энэ үед дахин давтагдаж буйд харамсаж байна. Ямагт дараагийн сонгуулиа бодож, популист тоглолт хийхдээ үр дүнтэй төсөл хөтөлбөрийг өөрсдийн тааллаар  иргэдийн нэр барин гацаадаг. Улс орны алсын хараа хөгжлийн бодлого, үзэл баримтлалыг сөхөж ч уншдаггүй. Асуудалд нутгархсан, бүлэглэсэн хувийн явцуу сонирхлоор хандаж, байнгын шантааж үзүүлэгч шат шатны удирдлага дарга нарт хатуу сануулга өгч, ёс зүйтэй байхыг шаардаж, ах дүү садан сүлбээ, нам эвсэл харгалзахгүй гаргасан алдаа хариуцлагагүй үйлдэлдээ шийтгэл хүлээдэг болгох “төрийн зангараг” Тавантолгойн бүлэг ордын экспортод үгүйлэгдэж буйг энэхүү ил захидлаар танд хэлэхийг хүслээ.

 Дээрх цөөхөн албан тушаалтны хууль бус ашиг сонирхолд нийцүүлэн Чойр чиглэлд экспортын тээврээ зогсоож, “Эрдэнэс таван толгой” ХК-ын 1.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлогоос татгалзах уу эсхүл энэ хүмүүст хуулийн хариуцлага тооцож, эмх журамтай зохион байгуулалттайгаар   тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж, 800 жолооч түүний ар гэрийн 2400 иргэнийг сардаа 2.0 сая/төг  орлоготой болгож, “Эрдэнэс таван толгой” ХК 1.6 их наяд төгрөгийн ашиг олж, төмөр замын 16 000  ажилтан, түүнийг дагасан олон иргэдийг орлоготой болгох уу гэдэг сонголт шийдвэр гаргагчдын өмнө тулж ирээд буй тул танд ил захидлаар хандаж байна.

 Ерөнхий сайд таны зүгээс Тавантолгойн тээвэрчдийн санаачлан зарласан “ЭВ НЭГДЭЛ-НЭГ ЗАМ” аяныг дэмжиж, нүүрсний экспортын тээвэрлэлтийг улс төр, төрийн байгууллага, дарга нарын хувийн ашиг сонирхлоос ангид байлгаж, Шивээхүрэн, Гашуун сухайт, Замын-Үүд боомтоор экспортыг нэмэгдүүлэх, түүнтэй холбоотой дотоодын тээвэрлэлтийг саадгүй, хэвийн явуулах, албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг чангатгах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайд, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд нарт, “Ногоон бүс”-ийн орон нутгийн удирдлагад “экспортыг эрчимжүүлэх тухай” хамтарсан шийдвэр гаргаж хэрэгжүүлж, ажиллах үүрэг чиглэл өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  Мөн Цагаан хад -Гашуун сухайт, Шивээхүрэн боомтын тээвэрт эхний 45 хоногт багтсан тээвэрчдийн олонх нь намар өвлийн хоёр улирал дамжин 120 -оос дээш хоног  кабиндаа амьдран, усанд ч орж чадахгүй тээвэр хийсэн байхад дараагийн ээлжийн тээвэрчдийг хэрхэн “Ногоон бүс”-т ирүүлэх, хаана ямар журмаар тусгаарлах талаар УОК, төрийн зохицуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, шийдэлгүй байсаар байгааг танд уламжилья.

 Ерөнхий сайд таны зүгээс нүүрс тээвэрлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар бодитоор, үнэн зөв мэдээлэл авах, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдэл, хүндэрч буй сорилт бэрхшээлийн талаар холбогдох баримтуудтай танилцах шаардлагатай гэж үзвэл бидний төлөөлөл 14000 тээвэрчдийг төлөөлөн таньтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлье.

 Хүндэтгэсэн:

 П.БАЯРХҮҮ

БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Эрдэнэт хотод цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Зэвсэгт

2024-11-30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөхүүд “Тавантолгой түлш” компанид ажиллалаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэргэшсэн зөвлөхүүд Тавантолгой түлш компа

2024-11-29

Чанарын аяны шилдгүүд тодорлоо

Тавантолгой түлш компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “ЧАНАР БИДНИЙ ЗОРИЛТ-2024

2024-11-29