Монгол улсын 2 удаагийн аварга, спортын мастер Б. Амарзаяа Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, туялзуур сэлэмний нэгэн тод түүхийг бичин үлдээлээ. Тэрбээр олимпийн эрх аваагүй ч гэсэн Монгол хүний тэсвэр хатуужлыг хангалттай нотлон харууллаа. Түүнтэй хийсэн цахим ярилцлагыг та бүхэнд толилуулая.
Сайн байна уу? Юуны өмнө эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
– Баярлалаа
Алтан медалийн төлөө тулалдах боломж байлаа. 1 оноогоор л хожигдлоо
– Олимпийн эрх авах зорилготой очсон ч чадсангүй.
Монголын спорт сонирхогчид маш их бахархаж байна
– Баярлалаа. Цаашид улам их хичээнээ
Өөрийгөө танилцуулаач
-Намайг Батсайханы Амарзаяа гэдэг. 22 настай. Аав ээж ах дүүгийн хамт амьдардаг. Аав ээж маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд мал малладаг. Миний хувьд энэ жил ХААИС-ийн Бизнесийн менежментийн ангийг төгсөж байгаа.
Туялзуур сэлэмний спортоор хэзээ хичээллэж эхэлсэн бэ? Анхны гаргасан амжилт.
-2015 оноос эхэлж хичээллэсэн. Анх Багануур дүүргийн Уурхайчин клуб-д Б. Хатанзориг багш дээр хичээллэж эхэлсэн. Хичээллээд удаагүй байхдаа анхны тэмцээндээ оролцож хүрэл медаль хүртэж байсан. Тэр үеэс л туялзуур сэлэмний спортод эргэж буцалтгүй орсон. Одоо УБ фэнсинг клуб-д харъяалагдаж Д. Ганбаатар багшаар удирдуулж байна. Энэ тэмцээний өмнөх бэлтгэлийг Багануур дүүрэгт Хатнаа багш дээрээ бэлтгэлээ хангасан.
Энэ спортын онцлогоос уншигчдад танилцуулаач
– Туялзуур сэлэмний спорт нь анхны зуны Олимпийн наадмаас одоо хүртэл бүх Олимпийн наадамд тасралтгүй орж буй цөөхөн төрлийн нэг. Мөн зуны Олимпийн спорт дундаас хамгийн бэртэл багатай спорт юм. Энэ спорт нь өөрөө авхаалж хурд, богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэх чадвар, тэсвэр тэвчээр гээд олон гайхалтай чанарыг хүнд суулгадаг. Бодолтойгоо зэрэг биеэ удирдахыг шаарддаг бөгөөд биеийн хүчний шатар гэж нэрлэгддэг спорт билээ.
Туялзуур сэлмээр хичээллэх сонирхолтой хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
– Спорт хүнд маш олон давуу тал, чадварыг суулгадаг учраас аль ч төрлийн спорт байсан хичээллээд туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Гол нь тууштай байдал л амжилтанд хүргэнэ. Ялалт, ялагдалд яг л ижил сэтгэлзүйтэй байж сурахыг хүсвэл сэлэмний спортоор хичээллээрэй гэж хэлмээр байна. Ялангуяа энэ ковидийн үед хамгийн тохиромжтой спорт, масктай бээлийтэй, 2 метрийн зайгаа барина
Манай улсад хэдэн клуб байдаг юм бол.
– УБ хот, Эрдэнэт хот, Багануур хотуудад сэлэмний клубууд байдаг. Нийт 6,7 клуб байгаа.
Материал хэрэгсэл хангалттай байдаг уу?
– Хувцас хэрэгсэлийн хувьд хангалтгүй байдаг. Олон улсын стандартын хувцас хэрэгслүүд өртөг өндөртэй байдаг. Олон улсын тэмцээнд оролцоход нэг хүн дор хаяж 2 сэлэмтэй оролцох шаардлагатай байхад манайхан дундаа хэрэглэж байх жишээтэй.
Шагналын тавцанд гараад Төрийнхөө далбааг хараад юу бодогддог вэ.
– Үнэхээр сайхан мөч байсан. Дараагийн удаа заавал төрийн дууллаа эгшиглүүлнэ дээ л гэж бодсон.
Тэмцээнд оролцоход зардал хамгийн хэцүү нь байдаг. Зардал мөнгөө яаж олдог вэ?
– Олон улсын тэмцээний зардлаа өөрсдөө хайна, бэлтгэлээ хиймээр байдаг, зардлаа олмоор байдаг. Асуудлууд их гарч ирдэг. Спорт ойлгодог дэмждэг хүмүүс байдаг. Гэхдээ ивээн тэтгүүлээд явчихаар эсэргээрээ заримдаа маш их дарамт болдог. Шууд амжилт, алтан медаль л нэхээд байдаг. Жилд дунджаар заавал оролцох ёстой 4-5 тэмцээн байлаа гэж бодоход тэр болгоны зардлыг өөрөөсөө гаргаад явах хэцүү. Аль болох бага зардлаар явах гээд хамгийн хямд тийз судална. Газраар сууж болох бүхий л төрлийн унаанд сууна . Очоод зарим тэмцээний буудал өндөр үнэтэй болохоор нийтийн байранд ч бууж байсан тохиолдол бий. Тэгээд л иймэрхүү үеүдэд шантрах тохиолдол гардаг.
Тэмцээнд ганцаараа оролцоход хэр зэрэг бэрхшээл гарав. Х.Болат ах тосож авсан байсан.
– Энд ирэхийн тулд Улаанбаатараас Сөүл, Станбул, Ташкент гэж дамжиж 36 цаг явж ирсэн. Энэ хүнд цаг үед ганцаараа явсан болохоор маш хариуцлагатай явсан. Олон хүний итгэлийг тээж явсан болохоор хамгийн наад зах нь өвчин тусаж болохгүй шүү дээ. Ташкентэд ирээд ачаагаа авах гэсэн ачаа маань хоцорчихсон байсан. Ачаа маань амжиж ирэхгүй бол тэмцээндээ оролцож чадахгүй болох байлаа. Х. Болат ах саатсан ачаа зэрэг асуудлыг шийдэж их тус болсон нутгийн дүү гээд их найрсаг хүлээж авсан. Х.Болат ахдаа маш их баярласан шүү.
Нэг сар бэлтгэл хийсэн гэсэн. Өнгөрсөн жилийн хэдэн сараас хойш бэлтгэл хийв
– Карентины үед бэлтгэл хийх боломж бололцоо байгаагүй. Тэмцээний мэдээг сонсоод л гуравдугаар сарын 10 наас Баганууртаа бэлтгэлдээ орсон.
Сүүлийн асуултыг таньд үлдээе
0 cэтгэгдэлтэй